Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.07.06) хуралдаан 10 цаг 04 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гадаадын зочдыг хүлээн авч уулзах албан ажилтай байсан тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд МонголУлсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Уг хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн юм.
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засгийн хүндрэлийн үед нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэгджээ. Хөтөлбөр нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын нэг хэсэг юм.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэг рүү чиглүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн өрхийн нэгдсэн мэдээллийн баазыг шинэчлэх зэрэг нийт 18 бодлогын арга хэмжээг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.Хөтөлбөрийн хүрээнд гарсан бодлогын арга хэмжээг голлон Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан хэрэгжүүлэх бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Үндэсний статистикийн хороо нэг, нэг арга хэмжээг хариуцаж хэрэгжүүлэх аж.
Уг хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкнны 150 сая ам.долларын энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн 1.3.7, 2.3.2 дугаар зорилтыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, бүтцийн өөрчлөлт хийх, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ингэхдээ чанаргүй зээлийг шийдвэрлэх механизмыг нэвтрүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөхөд чиглэж байгаа аж.
Хөтөлбөрийн хүрээнд банкны салбарыг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, чанаргүй зээлийг шийдвэрлэх зорилго бүхий активын удирдлагын компанийг байгуулах, банкуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, банкны хяналт, шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг нийт 12 бодлогын арга хэмжээг 1 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Энэхүү хөтөлбөрийг урьдчилсан байдлаар Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тохироод байгаа агаад зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар уг зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл дэмжигдлээ.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /КАРЕК/ хөтөлбөр нь гишүүн Төв Азийн 11 орон (Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казакстан, Киргиз, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекистан) олон талт хамтын ажиллагааны 6 байгууллага (Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын Сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын валютын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Исламын Хөгжлийн банк)-ын дэмжлэгтэйгээр бүс нутагт ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор 2001 онд бий болжээ. Манай улс уг хөтөлбөрт 2002 онд элссэн байна.
Хөтөбөрийн гишүүн орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2020 он хүртэл хамтран ажиллах стратеги, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон баримт бичгийг боловсруулан Сайд нарын уулзалтаараа 2011 онд батлуулан хэрэгжүүлж байгаа аж. Тус стратегийн баримт бичиг нь “Сайн хөрш, Сайн түнш, Сайхан ирээдүй ” гэсэн алсын хараа, түүнд хүрэх стратегийн 2 түвшний зорилгыг тодорхойлжээ. Стратегийн энэхүү 2 түвшний зорилгын хүрээнд гишүүн орнууд нь үйл ажиллагааны 7 тэргүүлэх чиглэлийг тодорхойлон бүс нутгийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж, тодорхой төслүүд хэрэгжүүлж байна юм байна.
Стратегийн баримт бичгийн дагуу 2015 оны 3 дугаар сард БНХАУ-ын Шинжаан Уйгар аймгийн Өрөмч хотод КАРЕК Институтийг анх үүсгэн байгуулсан бөгөөд үйл ажиллагааг нь урт хугацаанд тогтвортой явуулах, гишүүн орнуудын оролцоог ижил байлгах зорилгоор олон улсын бие даасан байгууллага болгох асуудал хөндөгдөж, уг үүднээс Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс зэрэг 3 улс “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулан соёрхон батлуулснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болжээ.
КАРЕК Институт нь гишүүн орнуудын чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулахаас гадна хөтөлбөрийн хамтын ажиллагаанд шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлыг хийх үүрэгтэй бөгөөд институтийг бие даасан олон улсын байгууллага болгох ач холбогдол нь хамтын ажиллагааны чиглэл, үйл ажиллагааг тодорхойлох, шийдвэр гаргах, батлахад гишүүн орнуудын оролцоог ижил түвшинд хангах боломжийг нээж өгч байгаа учраас Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ. Эдгээр зээлийн хэлэлцээр болон хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.