Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжавыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол, БНХАУ хоёр орны ЖДҮ-ийн салбарын хамтын ажиллагаа болон Шанхай хотод болдог үзэсгэлэн худалдаанд оролцох чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцсон юм.
Ерөнхий консул Ё.Нямжавын зүгээс БНХАУ-ын OPВ цахим худалдааны платформд Монголын ЖДҮ, бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг байршуулах, таниулах, борлуулах ажиллагааг тус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэйг дурдаад Монголын ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах тал дээр хамтарч ажиллах боломж байгааг онцоллоо.
БНХАУ-ын Шанхай хотод жилдээ 1,000 гаруй том жижиг үзэсгэлэн яармаг зохион байгуулагддаг.
Эдгээр үзэсгэлэнгүүдэд Монголын ЖДҮ эрхлэгчдийг хамруулж, OPВ зэрэг цахим платформуудаар дамжуулан зөвхөн бүтээгдэхүүн борлуулаад зогсохгүй Монгол, Хятад хоёр талын бизнес эрхлэгчдийн хооронд B2B уулзалт зохион байгуулж, харилцан туршлага солилцох, цахим дэлгүүр нээх боломжуудыг ажил хэрэг болгох тал дээр хамтран ажиллахаар мэдээлэл солилцлоо гэж Жижиг дунд үйлдвэрийн газраас мэдээлэв.