Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд, монголын үндэсний бөхийн холбооны 30 жилийн ой, монгол бөхийг Геннист бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” барилдаан зохион байгуулахаар боллоо. Барилдааныг энэ сарын 16, 17-нд Хүй долоон худагт үзэгчгүйгээр зохион байгуулах юм байна. Барилдах бөхчүүдийг наймдугаар сарын 14, 15-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ. Барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүдээс PCR шинжилгээг барилдаан болох өглөө 9 цагаас Хүй долоон худагт авна.
Энэхүү барилдаанд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар шинэчлэн баталсан дүрмийг баримтах аж. Бөхийн гал, дэвжээд зөвшөөрсөн талбайд өөрийн гэрээ барьж болох бөгөөд бөхчүүд хоол хүнс болон хувийн бэлтгэлээ өөрсдөө хариуцна
Бөхчүүд бүртргүүлэхээр ирэхдээ цолны үнэмлэх, вакцины 2 тунд хамрагдсан гэрчилгээ (ковид тусаад эдгэрсэн тухай бичиг) цээж зураг, PCR шинжилгээ болон мандатын төлбөр (20.000 төг) -тэй ирэхийг анхааруулж байна.