2020-2021 оны Хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар БСШУ-ны яам мэдээлэл өглөө. Салбарын яамны тооцоолж байгаагаар энэ намар Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81378 хүүхэд элсэн суралцах юм байна.

Цахим элсэлтийн бэлтгэл наймдугаар сараас эхэлсэн. Өмнөх жилүүдэд эцэг, эхийн бүртгэлийн мэдээллээр нэгдүгээр ангид бүртгэдэг байсан бол аймаг, орон нутгийн засаг дарга баталсан хамран сурах тойргоор зургаан настай хүүхдийг автоматаар шууд бүртгэнэ. Өнөөдөр нийслэл болон 10 аймгийн хамран сурах тойргийн мэдээлэл дууссан. Тодорхой хаягийн зөрчилтэй 183 хүүхэд байна.

Наймдугаар сарын 16-наас эцэг, эхчүүд цахим бүртгэлд хамрагдах боломжтой болно. Бүртгэл үүссэний дараа сургууль системийнхээ тусламжтайгаа анги хуваарилалтаа хийнэ. Улсын бүртгэлийн системийн тусламжтайгаар бүх бүртгэлийг хийнэ. Сургууль дээр очиж бөөгнөрөл үүсгэх шаардлагагүй болсон гэсэн үг.

Нэгдүгээр ангийн цахим бүртгэлийг www.parent.edu.mn системээр зохион байгуулна. Нэгдүгээр ангийн элсэлтэд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд цахимаар бүртгүүлнэ. Улсын хэмжээнд 80628 зургаан настай хүүхэд байгаагаас нийслэлд 40330, орон нутагт 40298 хүүхэд байна. Нийслэлд хамгийн олон элсэгчтэй дүүрэг бол Баянзүрх дүүрэг бөгөөд 10068 хүүхэд бүртгэлтэй. Хөвсгөл аймагт 3025 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ.

Наймдугаар сарын 8-наас есдүгээр сарын 4-ний өдрүүдэд хамран сурах тойргийг тогтоох ажлыг хийж байгаа. Аймаг нийслэлийн боловсролын газрууд бүх бүртгэлээ цахим системд оруулна. Тэгээд сургуулиуд руугаа бүх зургаан настай хүүхдүүдээ хуваарилна. Сургууль нь элсэлтийн урьдчилсан бүртгэлээ баталгаажуулна. Бүх бүртгэл дууссаны дараа наймдугаар сарын 16-ны 9.00 цагт элсэгчдийн бүртгэл www.parent.edu.mn системд нээлттэй болно.

Эцэг эхчүүд тухайн систем рүү орж, хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах алхамыг л хийнэ. “Танай хүүхэд энэ сургуульд сурах боломжтой байна. Та зөвшөөрч байна уу” гэсэн асуултууд байна. Энэ баталгаажуулалт наймдугаар сарын 25-ны 17.00 цаг хүртэл байна. Бүртгэл хаагдсаны дараа нэгдүгээр ангид хэчнээн хүүхэд авч байгаагаас анги хуваарилалтаа хийнэ гэсэн үг. Эцэг эхчүүд утасны дугаараа бүртгүүлснээр мэдээлэл очих болно. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд сургууль дээр элсэлтийн комисст хандаж болно.  Элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 16-ны 09.00 цагт нээгдэж, наймдугаар сарын 25-ны 17.00 цагт хаагдана. Бид одоогоор хамран сурах тойргийн мэдээллүүдээ дэлгэрэнгүй байрлуулна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн