НЗДТГ-ын дэмжлэгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран долоодугаар сарын 10-наас эхлүүлсэн “Туулын хар түнэ” археологийн судалгааны төслийн гүйцэтгэл одоогоор 70 хувьтай байна.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших Түргэний голын Киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж буйгаар “Ван хааны Туулын хар түнийн орд” нь дундад зууны үеийн археологийн дурсгал юм. Уг дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, хамрах хүрээг тогтоон, хамгаалах арга зүйг боловсруулж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх боломжтой аж.
Ордны туурийн орчимд барилгын материалын үлдэгдэл ихээр илэрч буй гэнэ. Тэдгээрийн дотор мянгаас дээш хэмд хэт шатаасан тоосго, дээврийн ваар зэрэг үйлдвэрлэлийн хаягдал цөөнгүй олдож байгаа нь ордноос холгүй, Туул голын савд орон нутгийн түүхий эд ашиглан, барилгын материалын үйлдвэрлэл явуулж байсныг гэрчилж байгааг Археологийн хүрээлэнгийн удирдлага, судалгааны ажлын багийнхан хэлжээ.
Түүхэн ач холбогдол бүхий тус дурсгалын судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэх, нийслэл орчмын түүх, соёлын дурсгалыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа, шинжилгээнд үндэслэн сэргээн засаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг Нийслэлийн ЗДТГ-аас барьж байгаа юм байна.
Мөн ажлын хэсэг байгуулан, нарийвчилсан төлөвлөлт бүхий төслийг ойрын хугацаанд хийж, нийслэлийн төсөв, гадаад, дотоодын төсөл, үйл ажиллагааны хүрээнд хөрөнгийг шийдэх боломжийг судлах талаар холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.