Токиогийн олимпоос жудо бөхийн -81 кш-ын жинд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллаейд “Эко кар центр” ХХК машин үнэгүй сонгож авах эрхийн бичгээр шагналаа.
Саиед Моллаей нь 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэн болсон. Токио 2020 зуны олимпын наадам нь Саиед Моллаейн Монгол Улсыг төлөөлөн оролцож буй анхны олимп байсан юм.
Олимпын наадмаас ирснийхээ дараа Саиед Моллаей “Дараагийн олимпоос алтан медаль авна гэдгээ амлая. Одоо байгаа мөнгөн медаль надад хангалттай ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэлэхдээ дараагийн олимпод алтан медалийн найдлагатай байна. Маш сайн бэлтгэлээ хийгээрэй гэсэн юм. Олон найзтай болсон учраас Монголдоо үлдэнэ. Намайг Молом гэж дуудаж байгаа Монголчууддаа баярлалаа. Надад таалагдаж байгаа. Гоё нэр байна. Монголчууддаа хандан та бүгдэд чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн хэлсэн юм.
Саиед Моллаейн Монгол Улсаас иргэншил авсан товч түүх
Ираны Засгийн газраас тодорхой шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглож байсан 2018-2019 онд Ираны тамирчид Израилын бөхчүүдтэй барилдахаас аль болох зайлсхийж, заримдаа албаар жингээр хасагдан, гэмтэл авсан мэт жүжиглэж, эхний шатанд ялагдах зэрэг арга хэрэглэж байсан юм.
Токиод 2019 онд болсон ДАШТ дээр Моллаей Саеид өнгөрсөн жил дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө барилдаанаас Ираны Засгийн газраас баримталсан бодлогын дагуу татгалзсаны дараа тэр Иран руу буцалгүй Европ руу дүрвэж, тэнд амьдарч байгаад Монгол Улсын иргэн болох хүсэлтээ өгсөн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, түүнийг Монголын харьяат болгосон юм.
Гадаадын жүдоч Монголын иргэншил авсан анхны тохиолдлын эзэн нь Моллаей Саеид. Энэ удаа Моллаей Саеид Монгол Улсад Токиогийн олимпоос жудогийн -81 кг-ын жинд мөнгөн медалийн болзол хангалаа.