Их Британи, Герман хоёр улс хүн амынхаа эрсдэлтэй бүлгүүдэд “Covid-19”-ийн эсрэг вакцины гурав дахь тунг хийхээр болжээ. Израиль улс өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 60-аас дээш насны иргэддээ нэмэлт тун хийж эхэлсэн билээ. Нэмэлт тунд 50-аас дээш насныхан болон дархлаа суларсан хүмүүс, эрүүл мэндийн үйлчилгээний ажилчид болон асрамжийн газрын ажилтнууд хамрагдах гэнэ. “The Telegraph” сонинд мэдээлснээр гурав дахь тунгийн дархлаажуулалтыг ирэх есдүгээр сарын 6-наас эхлүүлэх аж.
Ийнхүү есдүгээр сараас эхлүүлсэн дархлаажуулалтыг ирэх зул сарын баяр гэхэд зорилтот бүлгийн хүмүүст хийж дуусгахаар төлөвлөж байгаа аж. Үүний тулд долоо хоног бүр 2.5 сая тунг 2000 гаруй цэгүүдэд хийж үйлчлэх гэнэ. Тус сонины нэгэн эх сурвалжаас олж авсан мэдээллээр засгийн газар “Covid-19”-ийн эсрэг вакцины гурав дахь тунг жирийн ханиадны вакцины хамт хийх асуудлыг судалж үзэж байгаа аж.
Их Британийн Эрүүл мэндийн яамнаас уг мэдээлэл гарахаас өмнө буюу өнгөрсөн зургадугаар сард 70-аас дээш насныхан болон эрүүл мэндийн асуудалтай хүмүүст ирэх есдүгээр сараас нэмэлт тун санал болгоно гэж мэдээлж байв.
Харин Герман улсын хувьд Эрүүл мэндийн сайд нь ирэх есдүгээр сараас эмзэг мэдрэмтгий бүлгийн хүмүүст вакцины нэмэлт тун санал болгохоо Даваа гаригт мэдэгдсэн. Мөн ирэх есдүгээр сараас “АстраЗенека”, “Жонсон ба Жонсон” вакцинаар дархлаажсан хүмүүс “Файзер”, “Модерна” зэрэг вакцинаар сэргээх тарилга хийлгэж болно гэжээ.
Түүнээс гадна Герман улс 12 болон түүнээс дээш насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахыг зөвшөөрчээ. Германы эрүүл мэндийн сайд Иенс Спахн энэ зуны улиралаар вакцинжуулалтад хамрагдахыг хүссэн хүн бүрт вакцин хангалттай хүрэлцэнэ гэдийг дуулгасан юм.
Тэр дундаа хүүхэд залуучууд эмчийн зөвлөгөөг авснаар вакцинжуулалтад хамрагдаж болно гэжээ. Учир нь үүнээс хоёр сарын өмнө “Файзер” вакциныг Европын эмийн агентлаг, өнгөрсөн долоо хоногт “Модерна” вакциныг ЕХ-ны эмийн зохицуулагч 12-15 насны хүүхдүүдэд тарихыг зөвлөсөн аж.
Гэсэн ч тус улсын вакцинжуулалтын байнгын хороо “The Stikо” залуу үеийнхэнд вакцин санал болгохыг төдийлөн сайшаахгүй байгаа. Тэд зөвхөн тодорхой архаг хууч өвчнөөр шаналж байгаа 12-16 насны хүүхдүүдэд вакцин хийлгэхийг зөвлөнө гэжээ.
Залуу үеийнхэнд урт хугацаанд үзүүлэх вакцины нөлөөний талаар хангалттай судалгааны дүн гараагүй байгаа нь гол шалтгаан болжээ. Гэхдээ мэдээлэл шинэчлэгдэхийн хэрээр өгөх зөвлөгөөнд өөрчлөлт орж болохыг үгүйсгээгүй байна.
Германд зуны амралт дуусч сургуулиуд үүд хаалгаа нээж эхэлснээр вакцин хийлгээгүй залуу үеийнхэн хурдан халдварлах чадвартай “дельта” хувилбараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлжээ. Тиймээс Германы эрх баригчид хичээл сургууль дахин хаагдахаас сэргийлж хүүхэд залуусыг “Covid-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулахыг уриалах болсон юм.
Ийнхүү Даваа гаригт Германы 16 муж тус шийдвэрийг баталсан байна. Өнөөдрийн байдлаар 12-17 насныхны 20% нь анхны тарилгаа хийлгэсэн бол 10 хувь нь бүрэн вакцинд хамрагджээ. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа аж.
Эх сурвалж: THE TIMES OF ISRAEL, NEWS