Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун эрүүл мэндийн ноцтой асуудалд ороогүй хэмээн Өмнөд Солонгосын тагнуулаас үзсэнийг Yonhap агентлаг мэдээлжээ.
Үүнээс өмнөхөн БНАСАУ-ын Төв телевизээр Ким Чен Уны командлагчид, армийн намын ажилтнуудын семинар дээр үг хэлж буй бичлэгийг гаргасан юм. Уг бичлэг дээр Хойд Солонгосын удирдагч дагзан дээрээ шархны лент наажээ. Тиймээс сэтгүүлчид түүний биеийн байдал муу байна гэсэн таамаглал дэвшүүлсэн аж.
Тэгвэл БНСУ-ын тагнуулын тэргүүн Пак Чи Вон Ким Чен Уны өвчинтэй холбоотой цуу яриаг үгүйсгэсэн байна. Тэрбээр хэлэхдээ Ким Чен Уны толгой дээрх наалт хэд хоногийн дараа авагдсан байсан, тэр үед тухайн хэсэгт ямар ч шарх үлдээгүй гэжээ.
“Алхаа гишгээ нь хөнгөн, сайн бөхийж байгаа зэргээс үзэхэд түүний эрүүл мэндэд ямар ч асуудал алга” хэмээн Өмнөд Солонгосын тагнуулын тэргүүн онцолжээ.
Хойд Солонгосын хэвлэлүүдээр зургаадугаар сард Ким Чен Уны огцом турсан асуудал албан ёсны түвшинд яригдсан юм. Зарим мэдээллээс үзэхэд, энэ мэдээллийг түүний эрүүл мэндийн асуудалтай холбоотой мэдээллийг намжаахын тулд зориуд тараасан байж болзошгүй гэнэ.
Эх сурвалж: Mir24.tv