Хятад улсад болсон аадар бороо, үерийн гамшгийн улмаас нас барсан хүний тоо 302-т хүрч, 50 хүн сураггүй хэвээр байна. Тэгвэл БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс их хэмжээний хохирол учруулсан аадар бороо, үерийг судлах ажлын хэсгийг энэ Даваа гаригт Хэнань мужид байгууллаа.
Мэргэжилтнүүд энэхүү ажиллагаа үерийн асуудлаар олон хариулт өгөхөөс гадна иргэдийн дунд орон нутгийн засаг захиргааны нэр хүндийг өсгөхөд чухал ач холбогдолтой алхам болно гэж үзжээ.
Хятадын төв хэсгийн Хэнань мужийг долдугаар сарын дундуур дайран өнгөрсөн их усан борооны улмаас үүссэн үерийн гамшгаар мужийн нийслэл Жэнжоу хотод 292 хүн амиа алдаж, 47 хүн сураггүй болжээ. Тэдний 189 нь үерт урсаж, 54 нь нурангид даруулж, 39 хүн метро усанд автсаны улмаас нас баржээ.
Үүссэн гамшгийн дараа цаг агаарын мэдээ хүмүүст бодитой сэрэмжлүүлэг өгч байсан уу, олон хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлж болох байсан уу, гамшгийн үеэр аврах ажиллагааг илүү сайн зохион байгуулж чадах байсан уу зэрэг олон асуулт урган гарч байгаа билээ.
Хэнань мужийн захирагч Ван Кай өчигдөр хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ “Үер томоохон сорилт байж засаглалын алдаа дутагдлыг бидэнд ойлгууллаа. Тиймээс цаашид гамшгийн эрсдэлийг тооцоолж хот төлөвлөлтөө улам сайжруулан ажиллахаа амлаж байна” гэсэн юм. Мөн тэрбээр гамшгийн үеэр амиа алдсан иргэд болон аврах багийн ажилчдад гүн эмгэнэл илэрхийлжээ.