Катарын өндрийн харайлтын тамирчин Мутаз Эсса Баршим болон Италийн тамирчин Жанмарко Тамбери нар ням гарагт хоёулаа Токиогийн Олимпийн наадмын өндрийн харайлтын эрэгтэйчүүдийн финалд ялж, алтан медаль хүртжээ. Энэ бол 1912 оноос хойш алтан медалийг хоёр тамирчин хуваан авч байгаа анхны тохиолдол юм байна.
Финалд шалгарсан 7 тамирчин 2,19 метрээс эхлэн ээлжлээд өндрөө сонгосон байна. Ингээд гурван тамирчин болох Баршим, Тамберли, Белорусийн Максим Недосеков нар 2,37 метр хүртэлх бүх өндрийг авч чадээ. Харин дараагийн 2,39 метрийг хэн ч авч чадаагүй аж.
Недосековын хувьд 2,19 болон 2,35 метрийг эхний оролдлогоороо давж чадаагүй учир оноогоороо хүрэл медаль хүртсэн байна. Харин Баршим, Тамберли нар бүх өндрийг эхний оролдлогоороо авсан, ижил оноотой байсан гэнэ.
Энэ үед шүүгчид Катар, Италийн тамирчдад дахин үсрэх санал тавьжээ. Гэтэл тэд оронд нь ялагчийн цолыг хуваах санал тавьсан нь дүрмийн дагуу хориглодоггүй зүйл байсан аж. Ингээд шүүгчид алтан медалиа хувааж чадвал болно хэмээн зөвшөөрчээ.
Энэ удаагийн өндрийн харайлтын финал үнэхээр үзүүштэй болсон юм. Учир нь 2000 оны зуны Олимпоос хойш нэг ч тамирчин 2,35 метрт харайж, алт авч байгаагүй аж.
Италийн тамирчин 29 настай бол Катарын тамирчин 30-тай. Тэд 2010 оны Канадын Монктоны залуучуудын АШТ-д танилцсанаасаа хойш 10 гаруй жил дотно нөхөрлөж яваа юм. Хоорондоо байнга холбогдож, хамгийн сүүлд өнгөрөгч зургаадугаар сард Италид хүртэл уулзалджээ.
Эх сурвалж: Iz.ru