Хөшигийн хөндийн хот төлөвлөлт ба газар чөлөөлөлт сэдвээр Газрын харилцаа Геодези зурагзүйн газраас өнөөдөр мэдээлэл хийв. Олон улсын нисэх буудал байгуулагдсан нь Хөшигийн хөндийд шинээр хот төлөвлөлтийг хийх шалтгаан болжээ. Шинэ төлөвлөлтөд 10-15 км зайтай байрлах шинэ Зуунмод хот, Майдар төслүүд багтаж, ерөнхий төлөвлөгөө боловсуулагдаж байгаа аж.
Нийтдээ 50 мянга орчим га талбайд хийх хот төлөвлөлтийн төсөл боловсруулагдаж байгаа бөгөөд 19 мянга орчим га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах шаардлагатай үүссэн байна. Шинэ төлөвлөгөөг аравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулахаар ажиллаж байгаа гэнэ.
Улсын тусгай хэрэгцээнд 19 мянган га газрыг авах гэж байгаатай холбогдуулан Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 160 дугаар тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагджээ. Энэ бүсэд 3173 иргэн, ААН байгууллага газар эзэмшиж, ашиглаж, өмчилдөг байна. Тиймээс Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолоор батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журмын дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах гэнэ. Судалгаагаар эхний ээлжид 76 иргэн, ААН байгууллагын газар ашиглах эрхийг цуцлах бэлтгэл ажил хийгдэнэ гэж Газрын харилцаа Геодези зурагзүйн газраас мэдээлэв.