Шинэ Зеланд улсын төр засаг 2030 он гэхэд С гепатитыг бүрэн устгахаар зорин ажиллана байгааг тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Айша Верралл зарлав.
“Гепатит С нь Шинэ Зеландад элэг шилжүүлэн суулгах үндсэн шалтгаанд ордог бөгөөд элэгний хорт хавдрын хоёр дахь шалтгаан болдог. Гэтэл С гепатитаар өвчилсөн хүмүүсийн олонх нь нийгмийн доод давхаргад хамаардаг, эмчлүүлэхэд асар их хэмжээний саад бэрхшээлийг туулдаг” хэмээн Айша Верралл хэлжээ.
Гепатит С-г 2030 онд устгахын тулд Шинэ Зеландын ЭМЯ үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, түүнийхээ дагуу ирэх жилүүдэд халдвартай хүмүүсийг илрүүлэх, оношлох, эмчлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ. Түүнчлэн хүн амдаа энэ өвчний талаар мэдээлэл хүргэх алхмууд хийж, эмчилгээний шинэ арга замыг боловсруулах юм байна.
“Энэ төлөвлгөө нь үндэсний эрүүл мэндийн системийн шинжээчдийн багийнхны хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Өдгөө бид С гепатитын эрсдэлтэй, эсвэл өвчтэй бүх хүнийг олж, тэдэнд шинжилгээнд хамрагдах эмчлэгдэх санал тавих л үлдээд байна” хэмээн Верралл тэмдэглэжээ.
Гепатит С-тэй тэмцэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэг удаагийн үнэгүй зүү, тариур тараах хөтөлбөрөө өргөжүүлж, гепатит С халдвартай өвчтөнүүдийн үндэсний цахим бүртгэл бий болгож, тэдний оношилгоо, эмчилгээний мэдээллийг нэгтгэхээр болжээ.
Эх сурвалж: ТАСС