Засгийн газар 2016 оноос эхлэн иргэдээ түрээсийн орон сууцанд оруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж, түрээсийн орон сууцыг бага орлоготой өрхүүдэд олгохоор шийдвэрлэж байсан юм. Засгийн газар 2016 оны 298 дугаар тогтоол гарган “Бэрэн” ХХК-ий барьсан Хангай хотхон дахь 221 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр худалдан авч төслөө хэрэгжүүлж эхэлсэн.
Тухайн үед түрээсийн байрны 1 м/кв-ын үнийг Засгийн газар тогтоолдоо дурдаагүй ч ТОСК түрээслэгчидтэй байгуулсан гэрээндээ 1 м/кв-ын үнийг 1 сая 280 мянган төгрөг хэмээн тусгажээ. Гэвч өнөөдөр түрээслэгчид байрныхаа 1 м/кв-ын төлбөрт 1 сая 880 мянган төгрөг төлөхөөр болж, шинэ асуудал үүсч эхэлжээ.
Өнөөдөр Төрийн орон сууцны корпорацтай гэрээ байгуулсан түрээсийн орон сууцанд оршин суудаг иргэдийн төлөөлөл өнөөдөр (2021.7.28) төв талбайд мэдээлэл хийж, Ерөнхий сайд болон Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.
Засгийн газар бага орлого иргэддээ хатуурхан түрээсийн үнээ нэмэхээр болж байгаагийн улмаас Хангай хотхон, Буянт-Ухаа хорооллын зорилтот бүлгийн 800 гаруй өрхийн 6000 орчим иргэд хохирч мэдэхээ болжээ. Бүр жилийн өмнө Засгийн газрын төлөөлөл энэ асуудлыг шийдвэрлэж өгнө гэж ам гарсан ч жил гаруй хугацаанд асуудалд хэн ч анхаарал тавьсангүй. Энэ бол түрээслэгчдийн Засгийн газарт тавьж байгаа гурав дахь удаагийн шаардлага юм байна.
Засгийн газар түрээсийн байрны 1 м/кв-ын үнийг нэмээд зогсохгүй 2017 оноос хойш түрээслэгчдийн төлсөн төлбөрийг орон сууцны урьдчилгаанд тооцохыг шаардаж байгаа гэж түрээслэгчид ярьж байна. Өнөөдөр орлого багатай зорилтот бүлгийн иргэд, түрээсийн орон сууцаа 15 жилээр түрээслээд өмчлөх хүсэлтэй байгааг төр дэмжиж өгөхийг тус тус шаардаж байгаа юм.
Хэвлэлийн хурлын үеэр оршин суугчдын зүгээс Засгийн газарт тавьж буй дээрх шаардлагын хариуг наймдугаар сарын 5-ны дотор шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хэрэв ямар нэгэн хариу өгөхгүй бол цар тахлын дэглэмийг сахиж суулт зарлахаа мэдэгдлээ.
Д.ЭГШИГ