Баруун Европт долоодугаар сарын 13-наас эхлэн их хэмжээний аадар бороо орж, хэдэн өдрийн турш үргэлжилсэн юм. Герман, Бельги, Швейцар, Нидерлан зэрэг хэд хэдэн улсад голууд эргээсээ хальж, усанд автаж, хөрсний нуранги үүсжээ. Нийт 200 гаруй хүн амиа алдсаны 170 гаруй нь Германд тохиосон аж. Тус улсын хувьд энэ удаагийн үер нь 60 жилд тохиож байгаагүй хамгийн хүнд үер болоод байна.
Гэвч хохирогчдын тоо үүнээс цөөн байх боломжтой байсан гэж эрдэмтэд үзэж байна. «Би үерийн аюулын урьдчилан сэргийлэх асуудлаар ажиллааг бөгөөд сэрэмжлүүлэх систем боловсруулахад тус дэмээ хүргэж байсан. Энэ систем Герман болон ойролцоох орнуудад саяхны үерийн аюулыг урьдчилан харж чадсан. Ийм зүйл болно гэдгийг би эртнээс мэдэж байсан. Хур тунадасны түвшин нэмэгдэж, голын түвшин өссөн тайланг уншсан.
Харин дараа нь амиа алдагсдын тоо яаж өсөж байгааг сэтгэл түгшин ажиглаж байлаа», хэмээн Британийн Редингийн их сургуулийн гидрологийн профессор Ханна Клок мэдэгджээ.
ГЕРМАНЫ ҮЕР
Европын холбоонд үерээс сэрэмжлүүлэх систем байдаг. Гэвч энгийн иргэд энэ талаар мэддэггүй бол төр засаг нь үүнд анхаарал хандуулаагүй юм.
Клокийн дурдсан сэрэмжлүүлгийн систем нь Европын үерийг зарлан мэдээлэх систем (EFAS) юм. Европын холбооноос 2002 онд гарсан Эльба, Дунайн үерийн дараа үүнийг байгуулах шийдвэр гаргасан байдаг. Тухайн үеийн үерт 100 гаруй хүн амиа алдсан юм.
EFAS 2012 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлжээ. Систем нь үер болох магадлалын зураглалыг гамшиг эхлэхээс 10 хоногийн өмнө гаргадаг. Эрх бүхий хүмүүс энэ мэдээллийг бусад мэдээлэлтэй харьцуулаад, байгалийн гамшгийн аюулыг үнэлэх шаардлагатай. Энгийн иргэдэд айдас түгшүүр төрүүлэхгүйн тулд EFAS-ын сэрэмжлүүлгийн талаар мэдээлэл хүргэдэггүй аж.
Ханна Клок EFAS-ын мэдээллийг боловсруулахад тусалдаг. Долоодугаар сарын 9-нд, Баруун Европт аадар бороо орохоос дөрөв хоногийн өмнө Рейн, Маас голуудын сав үерлэхийг урьдчилан сануулж байсан гэнэ. Ингээд долоодугаар сарын 10-нд энэ тухай мэдээллийг төр засагтаа хүргэжээ.
Энэ мэдээллийг Герман, Бельги, Нидерланд, Швейцар, Люксембург улс хүлээн авсан байна. Герман, Бельгид үүнээс гадна үндэсний цаг уурын албанаас нь их хэмжээний аадар бороо орохыг анхааруулж байсан гэдэг. Гэвч энэ бүгд олон арван хүний аминд хүрэх ослоос сэргийлж чадсангүй.
Энэ бүгдийн шалтгаан нь шинжээчдийн мэдээллийг энгийн иргэдэд дамжуулах сүлжээ муу байсантай холбоотой гэж Politico-д бичиж байна. Бүс нутгийн засаг захиргааны хэмжээнд ойртон ирж буй үерийн уршгийн талаар дутуу үнэлснээс болоод ийм алдаа гарсан гэж үзэж байна.
БЕЛЬГИЙН ҮЕР
Бельгийн засаг захиргаа ч мөн ийм мэдээллийг эрт хүлээн авчээ
Politico EFAS-аас Бельгид өгсөн, долоодугаар сарын 12-ны мэдээллийг ил олгожээ. Уг мэдэгдэлд Урт голын түвшин нэмэгдэнэ гэжээ. Усны түвшин 20 жилийн хамгийн дээд хэмжээнд хүрэх магадлал 49% гэсэн байна. Гэвч Бельгийн Льеж мужийн Засгийн газарт энэ мэдээллийг тоогоогүйг Льежийн их сургуулийн гамшгийн удирдлагын шинжээч Себастьян Брюне мэдэгджээ.
Дээр нь Льежийн засаг захиргаа борооны уршгаар нэмэгдсэн усны түвшнээ бууруулахын тулд долоодугаар сарын 14-нд Эйпен нууран дахь далангаа нээсний улмаас нэг метр өндөр давалгаа үүсэж, усны түрлэг секундад 150 шоо метр болж өсжээ.
Весдра голын дагуу орших Вервье, Пепинстер хотод 12 мянган хүн орон гэргүй болжээ. Ийм ноцтой гамшгийн цаад шалтгаан нь үерээс гадна Эйпен нуур луу ус юүлсэнтэй холбоотой гэж иргэд сэжиглэж байна.
ЕВРОПЫН ҮЕРИЙН ҮР ДАГАВАР
Нидерландад үерийн уршиг тийм ч их байгаагүй нь байгалийн гамшигт илүү сайн бэлтгэсэн учраас хохирол багатай байв
Нидерланд улс үерийг илүү сайн даван туулж, нэг ч хүний үхэлд хүрээгүй. Энэ нь тус улс ийм төрлийн байгалийн гамшигтай тэмцэх арвин туршлагатай холбоотой. Нидерландын нутаг дэвсгэрийн 60% нь үерт өртөх эрсдэл өндөртэй байдаг. Тус улс усны нөөцөө удирдах орчин үеийн дэд бүтэцтэй, нэг яамандаа тийм газартай, орон нутгийн сонгуулийн байгууллагын сүлжээтэй, тэрхүү сүлжээ нь зөвхөн устай холбоотой асуудлыг эрхэлдэг.
Үүнээс гадна Нидерландад төрөөс усны голдрилоо нэмэгдүүлж, өргөжүүлэх зорилготой алхам хийдэг.
Нидерландын засаг захиргаа бусад орноос ялгаатай нь олон хүндээ үерийн талаар урьдчилан анхааруулж чаддаг гэж Амстердам дахь Чөлөөт их сургуулийн ус, уур амьсгалын эрсдэлийн хэлтсийн тэргүүн Йерун Аэртс ярьжээ.
Эрдэмтэд улстөрчдийг үер усны аюулд илүү сайн бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Учир нь дэлхийн дулаарлаас болоод цаашид ийм аюул улам нэмэгднэ.
Германы баруун хэсэгт орших Шульд хэмээх жижигхэн хот Европтоо үерт хамгийн ихээр өртсөн суурин болжээ. Хотын дарга Хельмут Люсси энэхүү гамшгийг урьдчилан хэлэхийн аргагүй байсан гэжээ. Түүнчлэн Шульдэд өмнө нь 1799, 1910 онуудад л үер болж байсан гэнэ.
Редингийн их сургуулийн ус цаг уурын салбарын судлаач Жефф Да Коста CNN-д өгсөн ярилцлагадаа хотын даргад харамслаа илэрхийлсэн ч түүний үзэл бодолтой санаа нийлэхгүй байгаагаа мэдэгджээ. Эрдэмтэд еЕвропт дэлхийн дулаарлаас болоод үер усны гамшиг байнга нүүрлэнэ, ард иргэд нь үүнд бэлтгэлтэй байх ёстой гэж эртнээс анхааруулж ирсэн гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: Meduza.io