Орчин үеийн биеэ зөв авч явах соёл удаан үргэлжлэх харилцаа үүсгэх болон харилцагчдаа халуун дотно сэтгэгдэл үлдээхэд нөлөөлөх биеэ авч явах дүрэм юм.
Үнэндээ дүрэм маш энгийн. Хэл ярианы соёл, энгийн эелдэг харилцаа, төлөв даруу хувцаслалт, сэтгэл хөдлөлөө зөв удирдах урлаг болно. Эдгээр дүрэм бүх хүйснийхэнд хамааралтайг анхаарна уу.
1. Урьдчилан мэдэгдэлгүйгээр бүү зочлоорой. Урьдчилан хэлэхгүй бол таныг бигуд ороосон гэрийн халаттай хүн угтаж авах болно. Британийн нэгэн хатагтай хэлэхдээ, урилгагүй зочин ирэхэд би туфли өмсөөд шүхрээ авдаг гэжээ. Таатай хүн ирвэл дуу алдан “Ашгүй дээ, би дөнгөж сая л орж ирлээ” гэнэ, хэрвээ таагүй хүн ирвэл “Харамсалтай байна, би яг гарах гэж байлаа” гэж хэлдэг гэжээ.
2. Дэлгэсэн шүхэр хэзээ ч хатахгүй дэлгэсэн ч бай, эвхсэн ч бай. Тусгай тавиурт эвхээд хийх эсвэл өлгөх ёстой.
3. Цүнхээ өвдөг дээрээ эсвэл ширээн дээр тавихгүй. Жижиг гоёлын цүнхийг ширээн дээр тавьж болно, том хэмжээтэй цүнхийг сандлын арын түшлэг эсвэл шалан дээр тавина (цүнх тавих тавиур байхгүй бол). Бичгийн том цүнхийг шалан дээр тавих дүрэмтэй.
4. Гялгар уут болон гоо сайхны цаасан уут зөвхөн дэлгүүрийн зориулалттай. Эдгээр уутыг цүнхний оронд барих нь зохимжгүй.
5. Эрэгтэй хүн хэзээ ч эмэгтэй хүний цүнхийг барихгүй. Зөвхөн эмэгтэй хүний гадуур хувцсыг өмсгөхийн тулд л барина.
6. Гэрийн хувцас – өөрт эвтэйхэн өмд, цамц байх хэдий ч энгийнийг сонго. Халат, унтлагын хувцасны зориулалт нь өглөө сэрээд угаалгын өрөө орох, үдэш орой – угаалгын өрөөнөөс унтлагын өрөө ороход л өмсөнө.
7. Хүүхдээ тусад нь өрөөнд оруулсны дараа өрөөнд нь орохдоо хаалгыг нь байнга тогшиж байгаарай. Хүүхдүүд багаасаа ийм соёлд өөрийн эрхгүй суралцах болно.
8. Эмэгтэй хүн тасалгаанд орж ирээд шляп болон гоёлын бээлийгээ тайлахгүй байж болно, харин ноосон малгай болон бээлийг заавал тайлна.
9. Олон улсын протоколын дагуу тухай үед зүүсэн нийт гоёл чимэглэлийн тоо 13-аас ихгүй байна, үүнд гоёлын товч орохыг анхаарна уу. Бээлийний гадуур бөгж зүүдэггүй, харин бугуйвч бол болно. Гудамж харанхуй байх тусам гоёл чимэглэл улам үнэтэй байдаг. Бриллиантыг урьд нь зөвхөн нөхөрт гарсан эмэгтэйчүүд үдэшлэгт очихдоо зүүдэг байсан бол өнөө цагт өдрийн цагаар зүүдэг болжээ. Залуу бүсгүйчүүдэд 0,25 каратын бриллиант шигтгээтэй жижиг ээмэг байхад болно.
10. Ресторанд захиалгаа төлөх дүрэм: хэрвээ “би урьж байна” гэсэн бол та төлнө гэсэн үг юм. Ажил хэргээр эмэгтэй хүн түншээ урьсан бол урьсан эмэгтэй төлнө. Мөн “ресторан орох уу?” гэвэл өөрсдийнхөө төлбөрийг даана. Хэрвээ эрэгтэй нь өөрөө санал болговол эмэгтэйнхээ төлбөрийг дааж болно, гэхдээ эмэгтэй хүн зөвшөөрвөл шүү дээ.
11. Цахилгаан шатанд эрэгтэй заавал түрүүлж ороод, түрүүлж гарна.
12. Автомашинд хүндэт суудал бол жолоочийн арын суудал тооцогддог учраас эмэгтэй нь тэр суудалд, эрэгтэй нь хажууд нь сууна. Эрэгтэй нь машинаас түрүүлж гараад эмэгтэйгээ машинаас гарахад нь тусалж гараа өгнө. Хэрвээ эрэгтэй нь жолоо барьж байгаа бол эмэгтэй нь мөн л адил жолоочийн арын суудалд сууна. Эмэгтэй хаана сууж байгааг үл харгалзан эрэгтэй нь хаалгыг онгойлгож машинаас гарахад нь туслах ёстой. Ажил хэргийн биеэ авч явах соёлд энэ дүрэм маш их алдагдаж байгаа бөгөөд “ажил хэрэгт хүйсийн ялгаа байхгүй” гэдэг хэллэг нөлөөлж байгаа нь илт.
13. Хоолны дэглэм барьж байгаа гэдгээ бусдад зарлах нь онцгүй зүйл. Энэ шалтгаанаар зочломтгой гэрийн эзэгтэйн хоолноос татгалзах нь соёлгүйгээ илтгэнэ. Иймд гэрийн эзэгтэйн хоол хийх ур чадварыг магтаад эелдгээр татгалзах нь дүрэмд нийцнэ. Согтууруулах төрлийн ундаа ч мөн адил. Яагаад ууж болохгүйгээ зарлаад байх ямар ч шаардлага байхгүй, цагаан дарс аваад бага зэрэг өөр ундаатай холь.
14. Дээдсийн зиндааны ярианы сэдэв: улс төр, шашин шүтлэг, эрүүл мэнд, мөнгө. Тэгэхээр “Ямар гоё даашинз вэ? Хэдээр авав?” гэсэн асуулт хэнд ч таатай санагдахгүй. Хэрвээ танд ийм асуулт тавьбал эелдгээр инээгээд “Бэлэглэсэн юм аа” гэж хариулаад ярианы сэдвийг өөрчлөөрэй. Хэрвээ нөгөө хүн ойлгохгүй өөрийнхөөрөө зүтгээд байвал “Би энэ тухай ярьмааргүй байна” гэж хэлсэн нь дээр болов уу.
15. 12 нас хүрсэн л бол “та” гэж харьцаарай. Зөөгч, жолооч нарт “чи” гэж хандах муухай бөгөөд хүндэтгэлгүй. Цуг ажилладаг, таньдаг хүн байсан ч тэр “та” гэж харьц. Гэхдээ найз нөхөд бол өөр хэрэг. Хэрвээ таныг байнга л “чи” гээд байвал та яах ёстой вэ? Юуны түрүүнд “Та надад хандаж байна уу?” гэж асуу. Хэрвээ тийм гэвэл мөрөө хавчаад “Та бид хоёр “чи” гэх түвшинд хүрээгүй байлтай” гэж хэлээрэй.
16. Хов жив ярих, хэн нэгнийг дүгнэх нь зүйд нийцэхгүй. Ойр дотныхоо хүмүүсийг дүгнэж хэлэлцэх, тэр дундаа эхнэр, нөхрийнхөө тухай өөр бусдад ярих нь зохимжгүй. Муу нөхөртэй бол яагаад салахгүй байгаа юм бэ? Мөн өөрийнхөө эх орныг муугаар хэлэх ч хэрэггүй “Энэ улс орон бүр дампуурчээ” гэж байгаа хүн өөрөө улс орноо дампууруулахад хувь нэмрээ оруулсан л гэсэн үг.
17. Кино, театр, концерт үзэхдээ зөвхөн өөрийнхөө суудалд суу. Эхлээд эрэгтэй нь эгнээгээр явах ёстойг анхаарна уу.
18. Дараах 9 зүйлийг нууц байлгах ёстой: нас, эд хөрөнгө, гэрийн нууц газар, мөргөл, эмийн орц, хайр дурлалын харилцаа, бэлэг, нэр хүнд болон хүндлэл.
Эцэс сүүлд нь Жек Николсон биеэ зөв соёлтойгоор авч явах тухай юу гэснийг сонирхоцгооё. “Би биеэ зөв боловсон авч явах дүрмийг баримтлахыг хичээдэг. Тавгаа хэрхэн өгөх, нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү чангаар хашгирахгүй байх, хаалттай хаалгыг тогшилгүйгээр орохгүй байх, урдуураа эмэгтэй хүнийг түрүүлж оруулах. Энэ бүх дүрэм амьдралыг амар болгодог юм. Жишээ нь, би эцэг эхтэйгээ тэрсэлдээд зөрүүдлээд байдаггүй. Би бүхий л дүрмийг баримталдаг. Энэ бол туйлшрал биш. Бие биенээ хайрлах, хүндэтгэх илрэл юм.”
Эх сурвалж : “Бизнес ба Хандлага” фэйсбүүк page