Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнөөс Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хэзээ хурлаа хийх вэ. Монголын хүүхдийн хөгжил, хамгаалал, эрсдэлт нөхцөлд байгаа, хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогч хүүхдийн эрх ашгийг Монголын төр хэрхэн хамгаалж ажиллаж байгаа вэ гэдэгт шүүмжлэлтэй хандаж байна. Тэд Монголын ирээдүй болсон 350-400 мянган орчим хүүхэд эрсдэлт нөхцөлд амьдарч байна гэж үзэж байгаа юм.
Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 2018-2020 онд гэмт хэрэг үйлдсэн, оролцсон, хохирсон, нас барсан нийт 10389 хүүхэд бүртгэгдэж, үүнээс 298 нь гэмт хэргийн улмаас нас барсан байна.
2021 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэрэг үйлдсэн 303, хохирсон 483, оролцсон 265, нийт 1051 хүүхэд бүртгэгдсэнээс гэмт хэргийн улмаас нас барсан 29, гэмтсэн 195 хүүхэд байна.
Мөн 2021 оны эхний зургаан сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 691 бүртгэгдсэн нь өмнөх оноос 21 хувь өссөн бол гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 4806 бүртгэгдсэн нь өмнөх оноос 18.4 хувиар буурчээ. Гэвч 3347 хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас баривчлагдсан, 198 хүн нийтдээ 29.580.000 төгрөгөөр торгуулсан, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 646 хүн хохирсон бөгөөд түүний 558 нь эмэгтэй, 62 нь хүүхэд байна.
Ч.ЗОТОЛ