Шадар сайдын тушаалаар коронавирусний эсрэг эмийн бүртгэл, нөөц хангамж, чанар, үнийн тогтвортой байдалд хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.
Вирусний эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлийг Шадар сайдын зүгээс холбогдох албаныханд өгсөн. Энэ хүрээнд вирусний эсрэг эмийн бүртгэл, чанарт ажлын хэсэг хяналт тавихын зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагуудад байгаа нөөц хангамжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм.
Цаашид вирусний эсрэг эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яам, холбогдох агентлагууд бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд 3 төрлийн эмийг нэмж оруулж ирэхээр болоод буй. Ингэснээр эмийн хангамж хүрэлцээтэй болж, үнэ тогтворжих боломжтой гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдэгдлээ.