Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдааныг нээж Шадар сайд С.Амарсайхан үг хэллээ.
С.Амарсайхан: “Дэлхийн улс орнууд учирч болох гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, сэргээн босгох авран хамгаалахад чиглэсэн үндэсний цогц бодлого, үйл ажиллагааны чадавхыг хөгжлийнхөө голлох байр суурь болгож бодлогодоо нэгтгэж байгаа билээ. Манай улс нэгдэн орсон ОУ-ын гэрээ конвенцоор хүлээсэн үүрэг, Монгол Улсын Үндсэн хуулинд баталгаажуулсан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалах эрхийг ханган ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд цаашид тусгайлан анхаарах шаардлагатай байна.
Цаашид бид гамшиг аюулт үзэгдэлтэй тэмцэх үндэсний хэмжээний цогц бодлогоо улам боловсронгуй болгож, хэрэгжилтэд хяналт тавьж, олон улсын болон бүс нутгийн сайн туршлагуудыг судлан нутагшуулж эрх зүйн орчны нөхцөл байдалтай уялдуулан сайжруулах, шинэчлэх, хуулийг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Үүний зэрэгцээ шинжлэх ухааны ололт техник технологид суурилсан чадварлаг бүтэц бааз суурийг бий болгож, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нь цаг үеийн шаардлага гэж үзэж байна.
Цар тахал төдийгүй олон хүндрэлтэй асуудал бидэнд тохиолдож байна. Байгалийн гамшиг энэ асуудлуудыг бидэнд мэдрүүлсээр байна. Цар тахлын нөхцөл байдал хэзээ дуусах нь тодорхойгүй байхын зэрэгцээ нэг бодлого, зорилготойгоор хамтаараа сөрж зогсох шаардлага тулгарч байна.
Эрхэм хүндэт үндэсний зөвлөлийн гишүүд хуралдааны төлөөлөгчдөө, Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн хамтын ажиллагаа иргэд олон нийтийн оролцоо хамгаас чухал.
Тиймээс Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг дараах чиглэлд хандуулах нь зүйтэй гэж үзэж байна.
- Байгалийн болон хүний хүчин зүйлээс хамааран гамшгийн тоо хэмжээ давтамж хамрах хүрээ нэмэгдэхийн хэрээр учрах хохирлын хэмжээ төдий чинээ өсдөг. Иймд болзошгүй гамшгийн хэмжээг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх, иргэдэд мэдлэг дадлага олгох, онцгой нөхцөлд ажиллах бэлтгэл сургуулилалтыг төлөвлөгөөний дагуу тогтмол хийх явдал юм.
- Бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тооцон эрсдэлийн мэдрэмжтэй төлөвлөлт хийх шаардлага үүсэж байна. иймд бүхний шатны байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, оновчтой алсын хараа эрсдэлийг бууруулах зөв цогц төлөвлөгөө хийхэд цаашид анхаарах.
- Гамшгийг тэсвэрлэх, түүнээс урьдчилан сэргийлэх үндэсний болон орон нутгийн чадавхыг улам бэхжүүлж, олон улсын стандартыг нэвтрүүлэх, дэлхийн жишигт хүргэх шаардлага байна.
- Гамшгийн эрсдлийг бууруулахад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийг хуваалцах даатгалыг хөгжүүлэх, Гамшгийн эрсдэлийг бууруулах сангийн эх үүсвэрийг Засгийн газрын тухай сангийн тухай, төсвийн тухай хуулийн тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж, тус сангийн хуримтлалыг дорвитой бий болгох шаардлагатай байна.
Энэхүү хуралдаанаас гарсан шийдвэрийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын ирээдүйн хөгжил, Үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа тэр хэмжээнд нэмэгдэнэ. Хуралдаанд идэвхтэй оролцохыг хүсье” гэв.