Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы нөлөө бүхий улс төрч, эрх баригч Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, тус бүлгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Такэбэ, гишүүн Т.Кобаяши нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцов.
Т.Никай, М.Хаяши тэргүүтэй Японы парламент дахь найрамдлын бүлгийн гишүүд Монгол, Японы харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлээд ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны хамтын ажиллагааг нэн ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, олон нийт, соёл, аялал жуулчлалын салбарт улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн ойн хүрээнд хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар ярилцав.
Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг түшиглэн дагуул хот, эдийн засаг, мэдээллийн технологи, аялал жуулчлалын бүс байгуулах, хүрэн нүүрснээс ус төрөгч гаргах технологийг нэвтрүүлэх чиглэлд Монгол, Японы хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хау-г нэвтрүүлэх боломж харагдаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.
Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж, мал аж ахуйг түшиглэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн нийслэл хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын төсөлд Японы хувийн хэвшлийг оролцоосой хэмээн хүсэж байгаагаа илэрхийлэв.
Мөн Боловсролын салбар, нэн ялангуяа мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагаа, боловсон хүчин бэлтгэх асуудлыг чухалчилж байгааг онцлов.
ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай Монгол, Японы харилцааны бат бэх үндэс сууринд тулгуурлан хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Ирэх онд тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг хамтран тэмдэглэх манай талын саналыг Японы тал талархан хүлээн авав.
Л.Оюун-Эрдэнэ ирэх онд болох дипломат харилцааны 50 жилийн ойгоор хоёр талаас улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл болсон 50 шилдэг залуусыг харилцан илгээж, солилцооны арга хэмжээ зохион байгуулах санал гаргаж дэмжигдэв.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газар