“Токио-2020” олимпыг зорьсон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат үсээ хусч, толгойн ар талдаа олимпын таван цагираг үлдээн, цагирагийн таван өнгөөр будуулсан нь Олимпын хотхонд гэрэл зураг авч байгаа фото сэтгүүлч, зураглаачдын гол дүр болж явна.
Гадаадын олон ч оронд уригдаж, баг тамирчдыг бэлдэж явсан Л.Ундралбат энэ удаа Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн дасгалжуулагчаар явсан байгаа. Өчигдөр (2021.07.25) буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд Монгол Улсаас О.Гүндэгмаа, Ц.Анударь нар цэц сорьсон.
Долоо дахь олимпдоо онч сорьж буй О.Гүндэгмаа энэ дасгалд 568 оноогоор 30-р байрт жагссан бол залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй ана мана өрсөлдсөөр шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагслаа. Тэрбээр 60 суманд 96, 97, 95, 97, 97, 94 гэж буудан 576 оноо авлаа.
Ц.Анударь “Олимпт дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөх нь нэр төрийн хэрэг байлаа. Анхны олимп мөн дасгалжуулагчгүй явсан болохоор туршлага дутлаа” хэмээн ярьсан нь баг тамирчдаа дэмжин суугаа монголчуудын сэтгэлийг эмзэглүүлж, залуу тамирчнаа өрөвдөх сэтгэлийг хөдөлгөв. Үүнтэй зэрэгцэн Л.Ундралбат хаачив, яагаад О.Гүндэгмаатай ижил төрөлд өрсөлдөж байгаа залуу тамирчиндаа дэмжлэг үзүүлээгүй вэ” гэдэг яриа гарахад хүрлээ.
Үнэндээ бол Ганган толгойтой багш Л.Ундралбатаас илүү Ц.Анударьд жаахан ч гэсэн зөвлөмж өгөх сэтгэлгүй дасгалжуулагч Л.Ундралбат монголчуудыг гайхшруулж байна.
Дашрамд дурдахад: О.Гүндэгмаа 29-ний пүрэв гарагт өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн төрөлд онч сорих юм.