Бусдын зовлонд баярлах нь хаашаа юм. Гэхдээ л Австралид үер болж, нүүрсний сав газрууд нь усанд автахад Монголын эдийн засагт асар том дэмжлэг болж байсан удаатай. Урд хөрш биднээс авах нүүрсний хэмжээгээ нэмж, Монгол Улс олсноо халамж болгоод цацаж дуусаж байлаа.
Тэгвэл энэ удаад БНХАУ нүүрсний хамгийн том нийлүүлэгч болох Австралид хориг тавьснаар 40 орчим сая тонн нүүрсний нийлүүлэлтийн орон зай урд хөршийн зах зээлд дахин бий боллоо. Биднээс болон бусдаас авах нүүрсэн дээр нэмээд 40 сая хэрэгтэй гэсэн үг. Харин бид энэ жил 42 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж, улсын төсвөө ч тэгж төлөвлөөд буй.
БНХАУ-д нүүрсний эрэлт нэмэгдсэн, цар тахлын дараах эдийн засгийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг нь бодвол бидэнд асар том боломж бий боллоо. Төсөвт тавьсан 42 сая тоннын экспорт хийх зорилтдоо хүрэхгүй ч дөхүүлэх боломж гадаад зах зээл талдаа бүрэн бүрджээ. Харамсалтай нь худалдан авагч талын хувьд манайх эрсдэлтэй бүс болсноор нүүрсний экспорт зогсоод байна. Урд хөршийн нүүрсний импорт хийгээд, бусад нийлүүлэгч, Монголын нүүрсний эргэн тойронд юу өрнөж байгааг энэ удаад хөндлөө.
БНХАУ-д нүүрсний импорт буурч, дотоодын олборлолт нэмэгдэв
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас (06.21) мэдээлснээр өнгөрсөн сард тус улсад нүүрсний импорт буурсан бол дотоодын нүүрсний олборлолт нэмэгджээ. Энэ оны эхний таван сард БНХАУ 18 сая тонн нүүрс импортолсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 43 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин зөвхөн өнгөрсөн сард гэхэд Хятадын коксжих нүүрсний импорт 29 орчим хувиар буурчээ.
Шалтгаан нь тус улсын Австралид тавьсан хоригтой зэрэгцэн Монголын нүүрсний экспорт буурсантай холбоотой гэж sxcoal.com мэдээлжээ. БНХАУ-д импортын дундаж үнэ өнгөрсөн сард 538 орчим ам.доллар байв. Харин эсрэгээрээ БНХАУ-д нүүрсний олборлолт өссөн байна. Өөрөөр хэлбэл, гаднаас худалдан авах нүүрс буурсан ч дотоодынх нь өссөн гэсэн үг. БНХАУ-ын Статистикийн газраас гаргасан мэдээллээр эхний таван сард БНХАУ 1.6 тэрбум тонн нүүрс олборлосон байна. Энэ нь өмнөх оноос 10 орчим хувийн өсөлт юм.
Булганаас бусад боомтын нүүрсний экспорт тогтворгүй байна
Монголд халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр нүүрсний экспорт буурч байна гэхэд худал болохгүй. Манай улс эхний таван сарын байдлаар 10 орчим сая тонн нүүрс экспортлоод байна. Цар тахалгүй үед Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 1000 машин хил гардаг байсан бол өдгөө 50 хүрэхтэй үгүйтэй байна. Бусад боомтын тухайд Ганцмодоор 100-1500 орчим, Шивээхүрэнгээр 100 орчим нүүрс тээврийн машин гарч байгаа. Эдгээр боомтын үйл ажиллагаа тогтворгүй байгаа.
Зарим өдөр ажиллахгүй тохиолдол ч бий. Харин нүүрс бага гардаг ч Булганы боомтын үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж байна. Тус боомтоор Хөшөөтийн уурхайгаас өдөрт 100 гаруй машин нүүрс экспортолж байна. Тэнд Монголын талаас нүүрс ачсан жолооч хил дээр нүүрстэй чиргүүлээ үлдээгээд наашаа буцаад ирдэг. Цаанаас хятад жолооч нар ирж нүүрсийг ачаад явдаг жишиг нэвтрүүлжээ. Энэ нь цар тахлын үед эрсдэлийг бууруулж байгаа юм.
Сангийн сайд Б.Жавхлан
Энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч хүрч чадахгүй. Одоогоор нүүрсний экпсорт төлөвлөсөн хэмжээний 22 орчим хувьд байна. Тэгэхээр он дуусахад 28 орчим сая тонн болж төлөвлөсөн хэмжээ буурах төлөвтэй байна.
Хятадын нүүрсний импортод АНУ, Канад өсөлттэй байна
БНХАУ-д нүүрс худалддаг бусад улсуудын нөхцөл байдлыг харахад, АНУ, Канадын урд хөршид экспортолсон нүүрс өсөлттэй байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ- ын тус улсуудаас авсан нүүрсний импорт өссөн гэсэн үг. Харин ОХУ-ынх өмнөх сараас буурчээ. Гэхдээ ОХУ-ын нүүрсний экспорт ерөнхий дүнгээрээ өсөлттэй байгаа юм.
Өөрөөр хэлбэл, 2019 онд ОХУ- ын БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ оны турш өсөлттэй үргэлжилснээ арваннэгдүгээр сараас буюу оны төсгөлд хоёр сар буурсан. Түүнээс хойш 2020 он болон энэ оны эхний гурван сард өсөлттэй байгаа юм. ОХУ-ын БНХАУ-ын нүүрсний импортод эзлэх хувь манайхаас хэдийгээр бага ч өсөлт нь тогтвортой байгаа. Харин манай экспорт гурван он дараалан буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ бол ерөнхий дүн гэдгийг сануулъя.
Учир нь сар бүрээр авч үзвэл өсөлт, бууралт өөр өөр байгаа юм. Дашрамд, ОХУ-ын коксжих нүүрсний экспортын тухайд зөвхөн дөрөвдүгээр сард 1.6 сая тонн болж, өмнөх сараас 49 орчим хувиар буурчээ. Харин эхний дөрвөн сард 8.5 сая тонн байна. Эрчим хүчний нүүрсний экспортын тухайд 11 сая тонн орчим болж, өмнөх оноос 20 орчим хувиар өссөн байна. ОХУ сүүлийн жилүүдэд Азийн нүүрсний зах зээл дэх борлуулалтаа нэмэгдүүлж байгаа.
БНХАУ-ын нүүрсний импорт 2020 онд
Нийт 74.6 сая тонн
Австрали 35.4 сая тонн
Монгол 23.8 сая тонн
ОХУ 6.7 сая тонн
Канад 4.7 сая тонн
АНУ 950 мянган тонн
Бусад 1.1 сая тонн
БНХАУ-ын нүүрсний импорт 2021 оны эхний 3 сард
ОХУ 1.4 сая тонн
Канад 2 сая тонн
АНУ 1.2 сая тонн
Монгол 6 сая тонн
Бусад 529 мянган тонн
Нүүрсний салбар зохицуулалтгүй байна
Нүүрс худалдан авагч, хийгээд бусад өрсөлдөгчдийн нөхцөл байдал ийм байна. Монголын талаас экспорт зогсссон болон худалдан авагч БНХАУ-ын талаас нүүрс авахгүй байгаа шалтгаан нь манай улсад дэгдээд буй цар тахал. Гэвч яг ижилхэн улаан бүсээс Оюутолгойн зэсийн экспорт цар тахал дэгдсэн цагаас эхлэн гацалгүй хэвийн үргэлжлээд байгаатай нүүрсийг харьцуулах хүн олон.
Шалтгаан нь Оюутолгой зэсээ шууд ачаад гаргадаг. Дундаа шат дамжлага байхгүй. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалт маш сайн. Харин нүүрс дээр уурхайгаас ачаад замдаа Цагаан хаданд саатаж, сэлгэх гэх мэт. Мөн маш олон жолооч бий. Товчхондоо бол нүүрс тээвэр дээр зохион байгуулалт дутаад байгаа юм. Үнэндээ нүүрс тээвэр, зохицуулалтыг аль ч шатанд орхиод уурхай, аж ахуйн нэгжүүд, хэдэн жолооч бор зүрхээрээ явуулж, худалдан авагч талын аяыг харж байна.
Айлын тогоо хардаг өнчин хүүхэд шиг байгаа нь нууц биш. Уг нь бол бидэнд боломж бий. Уул уурхайн салбарынхны хэлж байгаагаар манайх БНХАУ-д жилд 50 орчим сая тонн нүүрс нийлүүлэх бүрэн боломжтой. Цар тахлын өмнөх жил гэхэд БНХАУ 63 сая орчим тонн коксжих нүүрс экспортолсны 36.5 хувийг нь манайх нийлүүлсэн.
Нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал
БНХАУ-ын нүүрсний зах зээлд Монгол байр сууриа алдаагүй. Боломжоо алдаж байна. Манай нийлүүлэлт гацаад удаан үргэлжилбэл, манай байр суурийг өөр нэгэн авахыг үгүйсгэхгүй.
Нүүрсний экспорт гацсан шалтгаанаа хаана хаанаа мэдэж байгаа. Одоогоор нүүрсэн дээр төмөр замаас өөр шинэ гаргалгаа алга. Түүнчлэн хилийн боомтуудын нэвтрэлтийг сайжруулахаар хоёр оны төсөв дамнан ажлууд хийгдэж байгаа ч цар тахлын гэх шалтгааны улмаас дээрдсэн зүйл мөн л одоогоор алга. Тиймээс одоо улс төрийн түвшний уулзалт шийдвэр чухал байна. Уг нь манайд боломж тун ихийг төгсгөлд нь дахин дурдъя. Нэг ёсондоо бадарчин баярлах болоогүй л гэдэг болж байх шиг.
Эх сурвалж: Үндэстний тойм сэтгүүл № 484