Цагдаагийн байгууллага 06 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд “Ирээдүйгээ хамгаалъя” уриатай аяныг зохион байгуулж эхэлсэн. Энэхүү аяныг орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Өнөөдөр аяны хүрээд цагдаагийн албан хаагчид баруун аймгууд руу зорчих замд хяналт шалгалт хийж, Аяны хүрээнд бэлтгэсэн автомашины зориулалтын хүүхдийн суудал тараалаа. Хөдөө орон нутгийн замд гаргадаг жолооч нарын хамгийн түгээмэл зөрчил нь хурд хэтрүүлэх, харанхуйд гэрэл шилжүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэдэг, эсвэл ядрахдаа рүль шилжүүлдэг гэх мэт зөрчлийг гаргадаг байна.
Хүүхдийг автомашинд авч явахдаа тухайн хүүхдийн насны ангилалд тохирсон зориулалтын суудалд суулгах ёстой. Гэвч иргэд зориулалтын суудал сонгодоггүй. Бага насны хүүхдийг холын замд тэвэрч авч явдаг. Гэнэтийн осол болоход хүн гараа алддаг учраас хүүхэд хамгийн түрүү гэмтдэг байна. Тиймээс автомашины хүүхдэд зориулсан суудлыг чухалчлах нөлөөллийн аяныг эхлүүлж байгаа аж.
Тоон баримт: Энэ оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 247 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 62 хүн нас барж, 207 хүн гэмтсэн бол 98 хүүхэд гэмтэж 10 хүүхэд нас барсан байна.