Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд энэ сарын 22-нд орсон усархаг бороо орсны улмаас айлуудын гэр, хашаа үерт автсан байна. Тус сумын Улаан-Ам багийн “Улаан-Ам” гэдэг газарт зургаан айлын гэр усанд автжээ.
Мөн багийн “Өвт” гэдэг газар 12 айлын гэр, 30 байшин, 42 хашаа үерийн усанд автсан тухай мэдээллийг долдугаар сарын 22-ны өдрийн 12:10 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Улмаар нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд ажиллаж, нийт 48 өрхийн 60 хүн /24 том хүн, 36 хүүхэд/, 18 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, үерийн усанд эвдэрсэн “Орхон” голын гүүрийг сэргээн засварласан тухай мэдээллийг тус сумын Байгаль орчны байцаагч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.