Ковидын нөхцөл байдлыг танилцуулах ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээлэл дээр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа ийн хэлсэн юм. Халдварын нөхцөл байдал Улаанбаатар хотод харьцангуй тогтворжиж байгаа учраас дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод бүртгэгдэх тохиолдлын тоо 400-аас доош орох боломжтой гэж судалгааны баг тооцоолж ыайгаа юм байна.
Одоогийн байдлаар нийслэл дэх халдварын тоо буурсан ч аймаг, орон нутагт ихэсч байгаа. Орон нутагт бүртгэгдэж байгаа тохиолдлууд нь улсын хэмжээний нийт тоон үзүүлэлтийн 50 гаруй хувийг эзэлж байна. Ялангуяа Дархан-Уул, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Ховд аймагт өвчлөл сүүлийн хоёр долоо хоногт тогтвортой өсөж байгаа аж.
Долдугаар сарын 24-ны байдлаар манай улсын хүн амын 60 орчим хувь нь коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагджээ. Вакцины халдвараас хамгаалах үр нөлөө нь 75-90 хувь байдаг тул вакцинд хамрагдсан хүн амын 10-25 хувь нь халдвар авах эрсдэлтэй гэж ЭМЯ-ныхан анхааруулж байна.