Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо долдугаар сард буурсан гэж ЭМЯ мэдэгдлээ. Улаанбаатар хотод PCR шинжилгээнд эерэг илэрсэн хувь буурч, 17.6 хувь болсон. Харин орон нутагт долдугаар сарын 22-ны байдлаар 22.5 хувьтай байна. Хүмүүс цаашид халдварын эрч саарах эсэх тал дээр эргэлзэж байгаа. ДЭМБ-ын судалгаагаар шинжилгээнд эерэг гарах магадлал таваас доош хувьтай байсан тохиолдолд халдварын эрсдэл буурна гэж үздэг. Тиймээс намар хичээл сургууль орохтой зэрэгцэн хүний хөдөлгөөн ихсэх учир ирэх сараас халдварын тархалт дахин нэмэгдэх хандлагатай байна.
Сүүлийн хоногуудад нийслэлд батлагдах халдварын тоо буурч, орон нутагт өсч байгаа учраас иргэд олон нийт халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлах ёстой.
Мутацид орсон вирусийн тухайд долдугаар сарын 23-ны байдлаар дэлхийн нийт 192 улсад халдвар бүртгэгдсэн. Эдгээрээс давхардсан тоогоор 180 улсад Альфа хувилбар, 130 улсад Бета хувилбар, 78 улсад Гамма хувилбар, 124 улсад Дельта хувилбар илрээд байна. Монгол Улсад бүртгэгдээд байгаа Дельта хувилбарын нууц хэлбэр 4-5 хоног, халдвар тархах хугацаа 6-7 хоног дунджаар байдаг. Тиймээс халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж, хүн хоорондын зай барих зайлшгүй шаардлагатай байна гэж албаныхан ярьж байна.