Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Уэнди Шерман өнөөдөр (2021.07.23) Монгол Улсад хөл тавина. Түүний албан ёсны айлчлал долдугаар сарын 23-25-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Тэрээр У.Шерман тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаж, ГХЯ, Соёлын яам, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагатай уулзахаас гадна Афганистанд алба хаасан Монголын цэргүүд болон хэвлэл, мэдээллийн төлөөлөлтэй уулзах хөтөлбөртэй яваа талаар Гадаад харилцааны яам өчигдөр мэдээлсэн.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Уэнди Рут Шерманы тухай:
Уэнди Шерман 1949 оны 06 сарын 07-нд Мэриленд мужийн Балтимор хотод еврейн гэр бүлд төрсөн. Америкийн профессор, дипломатч. Нийгмийн манлайллын доктор, Харвардын Кеннедийн сургуульд Нийгмийн манлайллын төвийн захирал. Үүнээс гадна Олбрайт Стоунбриж группийн зөвлөх, Харвардын Кеннедийн сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан хийж байсан.
2011-2015 онд АНУ-ын Төрийн департаментад дөрөв дэх том албан тушаал буюу Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан.
Мөн нийгмийн ажилтан, ЭМИЛИ сангийн захирал, Мэрилэндийн хүүхэд хамгааллын төвийн захирал, Fannie Mae санг үүсгэн байгуулагч ерөнхийлөгчөөр ажилласан.
Ерөнхийлөгч Клинтоны засаг захиргааны үед АНУ-ын Төрийн департаментын зөвлөх, Ерөнхийлөгчийн тусгай зөвлөх, Хойд Солонгосын бодлогын зохицуулагч зэрэг ажлыг хийж байсан бөгөөд Хойд Солонгосын төвийн зэвсэгтэй холбоотой хэлэлцээр, баллистик пуужингийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрт чухал үүрэгтэйгээр оролцож байсан. Ирантай хийсэн цөмийн гэрээний ахлах хэлэлцээр хийгчээр ажиллаж байжээ.
2001 онд Нью-Йорк Таймс сонинд гарсан нийтлэлд Шерманыг Хойд Солонгосын маргаантай хөтөлбөрийг шийдвэрлэх гэрээ хийх, тус улсын цөмийн чадавхыг зогсоох цорын ганц боломж гэж бичиж байжээ.