Барилга, хот байгуулалтын яам орон сууцны хорооллын төслүүдээ өчигдөр Шадар сайд С.Амарсайханд танилцуулав.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа орчимд 57 га талбайд 3000-5000 орчим өрхийн орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжиж байгаа. Төслийг ирэх оны гуравдугаар улиралд багтаан дуусгахаар төлөвлөөд байна. Харин “Солонго-1,2” орон сууцны хороолол нь Хан-Уул дүүргийн 21-р хороонд баригдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд 5000 айлын орон сууц баригдах юм. Барилгын ажлыг ирэх онд эхлүүлж 2025 он гэхэд бүрэн ашиглалтад орно.
“Ногоон нуур 1008 айлын орон сууцны хороолол” нь Сүхбаатар дүүргийн 9-р хороонд баригдаж буй бөгөөд барилгын явц 30 хувьтай хэрэгжиж байна. Монгол Улсын алсын хараа 2050, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй уг бүтээн байгуулалтуудыг төр хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор хэрэгжүүлж байна. Орон сууцны хорооллуудад төрийн захиргааны байгууллага, олон нийтийн төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлдвэрлэл, үйлчилгээг дагасан 5200 ажлын байр бий болох бөгөөд зам, талбай, ногоон байгууламж зэрэг дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа.
Covid-19-ийн нөхцөл байдлаас хамаарч барилга, хот байгуулалтын салбарт эдийн засгийн хувьд олон хүндрэл үүссэн тухай салбарынхан хэлж байв. Үүнээс болоод орон сууцны зарим төсөлт хөтөлбөр бусад бүтээн байгуулалтад хугацаа алдсан асуудал үүссэн аж. Гэхдээ тодорхой цаг хугацаанаас хамаарах асуудлыг яаралтай шийдвэрлэж, дараа дараагийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахыг Шадар сайд үүрэг болголоо.