Үндэсний статистикийн хороо өчигдөр (2021.07.22) оны эхний эхний хагас жилийн үзүүлэлтийг танилцуулсан. Коронавирусын халдвар дэлхий нийтийг шаналгаж, аль ч улс орон ижил зовлон амсаж байгаа ч коронавирусын халдварын өсөлт дунд амьдарсан энэ хагас жилийн хугацаа дөнгөж амь зуултаа залгуулж яваа монголчуудын хувьд хүндээр туссан нь үнэн билээ. Энэ оны эхний хагас жилд
-Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.6%-аар өсөв. Экспорт их хэмжээгээр саатан, гацаж байсан нь үнийн өсөлтөд нөлөөлөв,
-181 авлигын хэрэг бүртгэгджээ,
-Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас эндсэн хүний тоо нийт 755 болоод байна.
-Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого эхний хагас жилд ₮14.5 тэрбумаар буурчээ,
-Нийгмийн халамжийн сангаас эхний хагас жилд ₮364 тэрбумын тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс 57%-аар өссөн байна,
-Оны эхний хагас жилд 19 эх коронавирусын хүндрэлээс болж нас баржээ,
-Улсын төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ бол Үндэсний статистикийн хорооны танилцуулсан олон арван таагүй тоон үзүүлэлтийн багахан хэсэг боловч баримт бүрдсэн бүх цаг хугацаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хамааралтай, түүний чадал, чадварын үзүүлэлттэй хамааралтай юм.
Гэвч ҮСГ тоо баримтуудаа дэлгэж, хүмүүс үнэлэлт дүгнэлт хийж эхлэхтэй зэрэгцэн Ерөнхий сайд маань зугаасан юм шиг Токиог зорьлоо. Мягмар гаригт Гадаад харилцааны яам Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японд албан ёсны айлчлал хийнэ гэсэн бүдэг бадаг мэдээ цацагдсанаас өөр анхны айлчлалын талаар ямар нэгэн мэдээ, сураг өчигдрийг хүртэл гараагүй байсан юм.
Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Токиогийн олимпыг зорьсон Монголын баг тамирчдын II ээлжинхэнтэй хамт онгоцонд суусныг монголчууд тээр хойно, олон нийтийн сүлжээний ФБ болон твиттерт тавигдсан ганц зурагнаас л олж мэдлээ.
Өчигдөр орой зарим хэвлэлээр “Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар томилоглсоноос хойшх анхны гадаад айлчлал бөгөөд 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Тэрбээр Токиогийн зуны XXXII Олимпын нээлтийн ажиллагаанд оролцоно. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх өдрүүдэд Японы төр, засгийн удирдлагуудтай хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Ерөнхий сайд Японы 126 дахь эзэн хаан Нарүхитод бараалхана” гэсэн мэдээ гарсан.
Яг одоо Улаанбаатарт 14:30 цаг болж байна. Энэ цагаар Монголын Ерөнхий сайд Японд айлчилж байгаа тухай мэдээ тус улсын аль ч хэвлэлд гараагүй байна. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба ч, Гадаад харилцааны яам ч Ерөнхий сайдынхаа айлчлалын талаар мэдээлэлгүй өдрийг дуусгаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японд айлчлах хугацаагаа зүгээр ч нэг товлоогүй бололтой. Гол зорилго нь арай Токиогийн олимпын нээлт үзэх мөрөөдөл байсан юм биш байгаа.
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаа явдал, одоо 1.4 их наядад хүрсэн төсвийн алдагдал оны эцэст бараг 3 их наядаар хэмжигдэх эрсдэлтэй. Хэзээ мөдгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад ЭЕШ-аа ч зохион байгуулаагүй байгаа. Аж ахуйн нэгжүүд банк, банк санхүүгийн байгууллагуудын өрөнд дарагдаж, ажилгүйчүүдийн тоо өсөн нэмэгдэж буй. Энэ бүгдийн блансыг хэрхэн барих юм. Өдөртөө таваараа, арваараа нас барж байгаа ковидоор өвдсөн иргэдээ аварна гэсэн сэтгэл уг нь бол Ерөнхий сайдаас л гарч байх учиртай.
Гэвч улсын наадмаа хаан цоожилсон Л.Оюун-Эрдэнэ энэ бүх асуудлыг мартаад Японд айлчлах тодорхойлолт зүүчихээд Олон улсын спортын наадам Олимп руу нисч одов. Энэ бол хэдийгээр Ерөнхий сайдын анхны гадаад айлчлал мөн боловч цагаа олоогүй айлчлал байв.
Д.ЖАРГАЛАН