Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр болсон ээлжит бус хуралдаанаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг тус тус хэлэлцүүлэн дэмжигдлээ.
Тус шинэчлэн боловсруулсан барилгын дүрмэнд хэрэгжилтийн явцад үүсээд байсан хэд хэдэн асуудлыг зохицуулах нэмэлт өөрчлөлт, зохицуулалт оруулсан. Үүнд:
Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг: Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д барилга байгууламжид эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг аймаг нийслэлийн Засаг даргын хүсэлтийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т хамаарах барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг олгох асуудлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5-д хамаарах барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг олгох асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх;
Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөж олгох асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр шийдэх зохицуулалтуудыг оруулсан.
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг:
Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 20 дугаар зүйлийн 20.2-д, 32 дугаар зүйлийн 32.1.5-д хамаарах барилга байгууламжийг ашиглалтад оруулахдаа техникийн комисс ажилласны үндсэн дээр барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ашиглалтад оруулах комисс ажиллах;
Ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг цомхон болгох зохицуулалтыг тус тус тусгасан.
Ингэснээр стратегийн болон улсын чанартай, онцгой төвөгшилтэй болон тухайлсан барилга байгууламжийн барилгын ажлыг эхлэх үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь ач холбогдлоор нь эрэмбэлэгдэж, хүндрэл чирэгдэл (хүлээгдэл) багасна гэж үзэж байна. Түүнчлэн бүрэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах, үүрэг даалгаврын биелэлтийг хянах нөхцлийг бүрдүүлж, чанарын хяналтыг нэг шатаар ахиулах, эрхзүйн баримт бичгийн зөрчил, үйл ажиллагааны давхардлыг арилгах боломжийг бүрдүүлж байгаа юм.