Коронавирусний “Дельта” хувилбар тархсан улс орон, нутаг дэвсгэрийн тоо энэ сарын 13-наас 20-ны хугацаанд 13-аар нэмэгдэж, 124 болсон тухай ДЭМБ–ын лхагва гарагт нийтэлсэн тайланд дурдав.
Үүнээс гадна “санаа зовоосон” хувилбаруудын ангилалд багтсан “альфа”, “бета”, “гамма”, “дельта” гэсэн 4 хувилбарын тархах хүрээ тэлсээр байгааг мэдэгдэлд дурджээ. “Дельта” хувилбар бусад хувилбараасаа илүү хурдан тархаж, ойрын саруудад дэлхий дахинд давамгайлна гэж шинжээчид таамаглаж байна.
“Дельта” хувилбарыг “VOC” буюу “санаа зовоосон хувилбарууд” бүлэгт багтдаггүй бусад хувилбартай харьцуулахад “халдварлах чадвар илүү өндөр” гэдгийг нотолсон мэдээллүүд мэргэжилтнүүдийн дунд олширч байна.
ДЭМБ–ын мэдэгдэлд дурдсанаар, халдварын тархалт нэмэгдэж буй нарийн механизм ямар байдлаар явагдаж буй нь тодорхойгүй хэвээр байна. “Дельта” хувилбараар халдварласан тохиолдолд нас барах эрсдэл 137 хувиар өндөр байгааг Канад улсад явуулсан судалгааны дүн харуулжээ.
“VOC” ангилалд багтсан 4 хувилбар дэлхий дахинд тархсаар буйд санаа зовниж буйгаа ДЭМБ илэрхийлжээ. Тодруулбал, Их Британид 2020 оны 9 дүгээр сард анх илэрсэн “альфа” хувилбар 7 дугаар сарын 20-ны байдлаар 180 улсад бүртгэгдээд байгаа бол Өмнөд Африкт илэрсэн “бета” хувилбар 130, Бразилд илэрсэн “гамма” хувилбар 75 улсад бүртгэгдээд байна.
Эх сурвалж: ТАСС