Төрийн албаны зөвлөлөөс УИХ-ын 2021 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолд тусгагдсан болон өргөн баригдсан зарим хууль, тогтоомжуудад эрхлэх асуудлын хүрээнд санал боловсруулах таван ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгүүд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд өгөх саналыг боловсруулж, хууль санаачлагчдад саналыг уламжлах юм.
Мөн төрийн албаны шинэтгэлийг эдийн засгийн аргаар хөгжүүлж, төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хүний нөөцийн аудит, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, тухайн албан тушаалын болзол шаардлагыг хангасан боловч, ажлын байранд тэнцэхгүй, ажилдаа үр дүн гаргаагүй, тухайн албан тушаалын болзол шаардлагыг хангаагүй зэрэг зөрчил бүхий томилогдсон хүмүүсийг албан үүргээс чөлөөлөх хүртэл ажлыг шуурхай зохион байгуулж, хэрэгжилтийг хангахыг төрийн бүх шатны байгууллагын удирдлагуудад зөвлөмж болголоо.