Засгийн газар дэргэд байгуулагдсан Авлигын эсрэг ажлын хэсгийг анхны хуралдаанаа хийсэн гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдэгдлээ.
- Төрийн албан хаагчдын гаргаж буй хүнд суртал, чирэгдэл, авлига, шан харамж нэхэж буй тухай мэдээллийг 1111 төвд иргэдээс байнга авна.
- E-Mongolia платформд авлигын асуудалтай холбоотой цэс тун удахгүй гаргахаар төлөвлөсөн.
- Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх салбар ажлын хэсгүүд ажиллана.
- Ажлын давхардал хийдлийг арилгах, иргэдэд учирч буй хүнд суртал, чирэгдлийн талаар байгууллага тус бүрээр нь үнэлэлт өгөх ажлыг гүйцэтгэх шийдвэр гаргажээ.
Засгийн газар наймдугаар сард багтаан шүгэл үлээгчийн тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна. Мөн авлигын хөшүүрэг болоод буй зарим төрлийн хууль тогтоомж болон Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж, намуудын санхүүжилтийг ил тод болгохоор зорьж байгаа гэв. Хамгийн их авлигад өртсөн байж болзошгүй салбар нь төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн байдал.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар ямар төрлийн бизнесийг төр хийх болон огт хийхгүй байх зааг ялгааг гаргана. Төр өөрийн бизнес хийж болох чиглэлдээ төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниудаар дамжуулах ёстой. Ингэхдээ эдгээр компанийн удирдлага, бүтэц зохион байгуулалтыг яаж улс төрөөс ангид байлгах тухай зохицуулалтыг хийнэ гэж Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлж байна.