Загастайн давааны зорчих хэсгийг өнөөдөр нээнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ. “Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто зам барилгын ажил 90 гаруй хувьтай байна. Тус авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “СССС” ХХК, гүйцэтгэгчээр үндэсний “Түм Арвижих”, “Арж роуд” компаниуд ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Загастайн давааны хатуу хучилттай авто зам барилгын ажлын явцтай танилцаж, зорчих хэсгийг яаралтай нээх чиглэлийг уржигдар өгсөн байгаа. Борооны улмаас замын барилгын ажил хоёр хоног саатсан. Түр зам гаргах боломжгүй хэсэгт үлдсэн 800 метр замын асфальтан хучилтыг сүүлийн хоёр өдөр хийгээд байна. Мөн зарим хэсэгт шинээр түр зам гаргахаар боллоо.
Ингэснээр зорчих хэсгийг 2021 оны 07 сарын 20-ны өдөр нээхээр шийдвэрлэсэн. Иргэд давааны хясаатай хоёр хэсэгт түр замаар зорчино. Гүйцэтгэгч компаниуд гэрээний дагуу тус замыг 2021 оны 10 дугаар сард бүрэн дуусгахаар эрчимтэй ажиллаж байна” гэв.