Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товлосон байна.
Энэ онд ЭЕШ өгөх 40 мянга гаруй хүүхдийн 38.200 нь 17-18 насныхан буюу наймдугаар сарын 19-н гэхэд бүрэн тундаа хамрагдсан байх тооцоололтой байна. Хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүд бүгд бүрэн тундаа хамрагдсан байх тул эрсдэл багатай гэж үзэж байгаа юм.
Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах тогтолцоонд шилжих шаардлага бий. Эцэг эхчүүдээс ЭЕШ-ыг цуцалж, шууд дүнгээр нь тооцон их, дээд сургуульд элсүүлэх санал их ирүүлсэн. Гэвч энэ жил улсын шалгалтыг цуцалсан тул өмнөх дүн, шалгалтаар нь дүйцүүлэх боломж байгаагүй гэж БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Энэ онд 40420 шалгуулагч их, дээд сургуульд элсэн орох эрхийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд тэдний 13636 нь 19 ба түүнээс дээш насныхан, 25082 нь 18 настнууд, 1675 нь 15-17 насныхан юм.
Энэ онд их, дээд сургуульд элсэх босго оноог 480 байхаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтоогоод байгаа юм.