Хятадад сүүлийн нэг хоногийн хугацаанд CОVID-19 коронавирусийн 65 шинэ тохиолдол илэрчээ. Үүнээс 57 нь зөөвөрлөгдөн ирсэн бол 8 нь дотоодын халдвар гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос өнөөдөр мэдээлэв.
Энэ нь нэгдүгээр сарын 30-нд 92 шинэ тохиолдол гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм байна. Дотоод бүх тохиолдол баруун өмнөд Юньнань мужид гарчээ. Дотоод халдварын шинэ дэгдэлт Мьянмартай хиллэдэг Жуйли, Лунчуань мужид илэрсэн.
Жуйли хот энэ сарын 8-наас эхлэн Юньнань мужийн шийдвэрээр орох гарах гарцаа хааж, гэрийн тусгаарлалтын дэглэм тогтоосон юм. Мөн эмнэлэг, эмийн сан, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнтэйгээс бусад бүх үйлдвэр, улсын газруудыг хаажээ. Жуйли хотод өнгөрсөн оны гуравдугаар сард дотоодын халдварын дэгдэлт гарч байсан юм.
Эх сурвалж: korrespondent.net