Германд болсон үерийн үеэр тээврийн салбарт гарсан хохирол 2 тэрбум орчим евро гэсэн эхний дүгнэлтийг Холбооны тээврийн яамнаас нь гаргажээ. Зөвхөн төмөр замд л гэхэд 1,3 сая еврогийн хохирол учирсан гэсэн байна. Төмөр замын ихэнх хэсэг тасарсан буюу усанд идэгдсэн байна. Байгалийн гамшигт өртсөн бүсүүдэд олон вокзал усанд автжээ.
Автозамуудад хэдэн сая еврогийн хохирол учирсан байна. Рейнланд-Пфальц, Хойд Рейн-Вестфалия холбооны мужуудын үерт өртсөн бүсүүдэд гүүр, төмөр зам, автозам, үүрэн холбооны цамхаг зэргийг яаралтай сэргээх шаардлагатай байгаа аж. Тэр дундаа 300 түр гүүрийг холбооны Засгийн газрын хөрөнгөөр нэн яаралтай барьж байгуулах хэрэгтэй болжээ. Үүнээс гадна төмөр замын харилцааг тасалдалгүй явуулахын тулд Deutsche Bahn концерн хэд хэдэн туслах гүүр барихаар төлөвлөж байна.
Германы даатгагчдын холбооны тэргүүн Йорг Асмуссен үерээс болоод их хэмжээний алдагдалд орох вий гэж болгоомжилж байна. “Богино хугацааны төлөвт 2021 он нь 2013 оноос хойших хамгийн их сүйрэл дагуулсан жил болох төлөвтэй байна” хэмээн Rheinische Post сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
2013 онд үер, шуурганы үеэр даатгалын хохиролд 9,3 тэрбум евро гарч байсан юм. Дэлхий нийт Парисын уур амьсгалын дээд хэмжээний хурлаар гаргасан зорилтдоо хүрэхгүй, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож чадахгүй бол даатгалын одоогийн систем байгалийн гамшгийн өмнө сөхрөх болно гэдгийг тэрбээр мэдэгджээ.
Эх сурвалж: Deutsche Welle