Эрүүл мэндийн сайдын баталсан Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамжид зааснаар 2019-2023 он хүртэл 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой.
Гэрээний дагуу хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх юм. Энэ оны гуравдугаар сарын 18-27-нд зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад нийслэлийн 142 шүдний эмнэлэг оролцож, 115 нь тэнцэж, 97 нь гэрээ байгуулжээ.
Эдгээр эмнэлгийг сонгохдоо халдвар хамгааллын асуудлыг гол шалгуур үзүүлэлт болгожээ. 2-12 насны хүүхдүүд албан ёсны гэрээ байгуулсан эдгээр эмнэлгүүдээс харьяаллын дагуу сонгон үйлчлүүлэх боломжтой аж.
Тус хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ гэж тусгажээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн жил 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг энэ удаагийн сонгон шалгаруулалтад оролцсоноос хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдаж байсан. Харин энэ жил төлбөргүй үйлчлэх шүдний эмнэлгийн жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулан харах боломжтой.