Хятадын эрдэмтэд SARS-CoV-2 вирусийг зохиомол гаралтай гэсэн хувилбарыг магадлал багатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэд шинэ судалгааныхаа үр дүнг Science China Life Sciences сэтгүүлд нийтэлсэн аж.
Судалгаанд тус улсын их сургууль, эмнэлэгүүдэд ажилладаг 20 гаруй эрдэмтэд оролцсон байна. Тэд цар тахлыг үүсгэгч коронавирус нь хүнд амархан дасан зохицдог гэсэн дүгнэлт гаргажээ. Үүний зэрэгцээ дасан зохицох чадварын хувьсал нь байгалийн шалгаралтай холбоотой аажмаар явагддаг, олон үе шаттай үйл явц юм.
Орчиндоо гайхалтай дасан зохицдог вирус нь байгалийн шалгарлын бүтээгдэхүүн, удаан хугацааны дотор их хэмжээний санамсаргүй мутацийн үр дүн байх ёстой гэж судлаачид тэмдэглэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ оны гуравдугаар сард COVID-19-ийн гарал үүсэлтэй холбоотой дөрвөн хувилбар дэвшүүлсэн билээ. Үүнээс хамгийн өндөр магадлалтай хувилбар нь коронавирус зуучлагч амьтнаар дамжуулан сарьсан багваахайнаас хүнд халдсан байх магадлалтай хэмээн тус байгууллагаас үзсэн аж. Үүний зэрэгцээ ДЭМБ уг вирусийг Уханийн лабораториос алдагдсан байх хувилбарыг “магадлал тун бага” хэмээн онцолжээ.
Тэгвэл АНУ-аас COVID-19-ийг зохиомлоор гаргасан гэх хувилбарыг нэлээд хэдэн удаа дэвшүүлж байгаа юм. Жишээ нь, АНУ-ын тусгай албад Уханийн лабораториос гарсан гэх хангалттай нотолгоо олсон тухай АНУ-ын экс Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн байдаг. Гэвч тусгай албад өөрсдөд нь шууд нотолгоо байхгүй гэж мэдэгдсэн аж.
Тавдугаар сард Британи, Норвегийн эрдэмтэн Ангус Далглиш, Биргер Сёренсен нар вирусийг лабораториос гарсныг нотлох зүйл олсон гэж зарласан юм. Хятадын эрдэмтэд коронавирусийн халдварлах чадварыг нэмэгдүүлэхээр оролдож, сарьсан багваахайнаас авсан вирус дээрээ “өргөс” суурилуулсан гэжээ. Үүнийгээ нотлохын тулд эрдэмтэд вирусээс дөрвөн эерэг цэнэгтэй аминохүчлийн хэлхээ илрүүлснээ мэдэгдсэн юм. Байгаль дээр ийм гурван амин хүчлийн хэлхээ ховорхон олддог хэмээн Сёренсен баталжээ.
Эх сурвалж: rbc.ru