Засгийн газар Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэхгүйгээр шийдвэрлэж наадмын өдрүүдээр Херо энтертайментын эзэн Б.Баатарын найруулсан “Би Монгол хүн” концертыг олон нийтийн телевиз болон цахим хэлбэрээр түгээсэн.
Концертын агуулга, үйл явдал өрнөлүүд одоо ч олон нийтийн шүүмжлэлд өртсөөр байгаа. Тэгвэл “Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан” Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гомдол гаргаж, наадмын контент нь Буриад зоны ёс уламжлал, дэг жаяг, соёл түүхэнд доромж байдлаар хандсан. Эмэгтэй хүний дээлийн хормойг сөхөх зэрэг садар самуун сурталчилсан агуулгаас бүтсэн.
Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх ёстой байтал Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн заалтыг зөрчсөн контент үйлдвэрлэж, нийтэд цацахыг дэмжсэнд гомдолтой байгаагаа дурджээ. Тус Төрийн бус байгууллагынхан Ерөнхий сайдыг Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн этгээдүүдэд, хийсэн үйлдлийнх нь төлөө арга хэмжээ авах, уучлал гуйлгах, дахиж ийм үйлдэл гаргахгүй байхыг шаардсан байна.
Дашрамд дурдахад: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь “Би Монгол хүн” контентыг бүтээсэн Херо энтертаймент компанийн 50 хувийг эзэмшдэг юм.