Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны яам болон аймаг, орон нутгийн удирдлагууд 2021-2022 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд танхимаар эхлүүлэх бэлтгэл хангаж байгаа талаар мэдэгдлээ. Салбарын сайд “Боловсролын тухай хуульд сургуулийн намрын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хуульчилсан байдаг. Бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэвч КОВИД-19-ийн нөхцөл байдал хэрхэхийг хэлэхэд хэцүү байна.
Одоогоор 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь, ЕБС-ийн 40 мянга гаруй багшийн 80 гаруй хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг авсан. Тиймээс хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хичээн ажиллаж байна. Гэхдээ Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргана.
Хэрэв энэ оны есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлж чадахгүй бол манай улс хоёр жилийн турш хичээлээ хаасан цөөхөн хэдэн орны тоонд орно. Хоцрогдол их үүссэн тул танхимын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна гэсэн юм.