МАН-ын залуу гишүүдийн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнийг нэгдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдоход нийгэм нэлээн хүлээлттэй, энэ хүн юу хийж бүтээх бол хэмээн шинжсэн янзтай хүлээн авч байлаа. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудалд тухлаад хагас жилийг өнгөрөөхдөө хэд хэдэн сүрхий лоозон гаргаж тавьсан нь олон нийтийн сүлжээнд их бага хэмжээгээр шүүмжлэл өрнөхөд хүргэж байсан юм.
Засгийн газар өчигдөр (2021.07.16) ээлжит бусаар хуралдан Авилгын эсрэг ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэг авилгын индексийг бууруулахад анхаарлаа хандуулна. Авилгыг хоёр жилийн дотор хоёр оронтой тоонд хүргэж бууруулна гэсэн нь Ерөнхий сайдын хамгийн сүүлд гаргаж байгаа “лоозон” шинжтэй шийдвэр болов.
Монгол Улсад авилгатай тэмцдэг АТГ нэртэй бүхэл бүтэн нэгж бий. Өнгөрсөн хавар шинэчлэгдсэн Авилгын эсрэг хуулийн дагуу АТГ Ерөнхий сайдын мэдэлд бүрэн очсон байгаа. Хууль эрх зүйн боломжийн хувьд ч, эрх мэдлийн хувьд ч Ерөнхий сайдад АТГ гэдэг байгууллага шууд хамааралтай байхад Засгийн газрын дэргэд дахин Авилгатай тэмцэх ажлын хэсэг, нэгж байгуулагдаж байгааг ойлгоход хүнд байна гэдгээ ч улс төрчид, нийгмийн идэвхтнүүд илэрхийлээд эхэлжээ.
Наадамгүй өнгөрөөсөн наадмын өдрүүдээр иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний эцэг нэгт ах найруулагч Б.Баатараар амьсгалж байсан юм. Долдугаар сарын 11-нд цацагдсан Херо студийн найруулагч Баатарын бүтээсэн видео контент хэдэн өдөр онлайн орчинд сэдэв болж байна. Монголчуудын үндэсний өв соёлоос тэс хөндлөн, этгээд хачин дүрүүдтэй, үндэстэн ястны хувцас өмсгөл, дэг жаяг, зан заншлийг 100 байтугай хувь буруу эргүүлэн гаргасан контентод иргэд дургүйцэн наанаа Баатарыг шүүмжилж байгаа ч цаад талдаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хатуухан сануулга өгөх цаг болсон гэсэн дохиотой сууцгааж байх шиг байна.
Энэ жил монголчууд Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэх ёстой байсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наадам тэмдэглэх шийдвэрээсээ буцаж, “No naadam” жагсаалыг санаачлагчдын талд эерэг шийдвэр гаргасан билээ. Ковидын халдвар ихсэж байхад бүх үйлчилгээний газруудыг нээчихсэн хэрнээ наадмаа хаасанд харамсаж, дургүйцсэн монголчууд олон байгаа.
Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэх ажил яригдаж байхад Ерөнхий сайдын ах найруулагч Баатар Засгийн газраас 10 тэрбум төгрөг гаргуулан наадмын Ерөнхий найруулагчаар ажиллах дархан эрхийг олж аваад байсан бол наадам хийхгүй байх Л.Оюун-Эрдэнийн шийдвэрийн дараа энэ төсөв 3.5 тэрбум болж буурсан гэж байгаа юм.
Төсөв зардал нь өндөр, төсвийг гаргах эрх мэдэлтэн нь Засгийн газрын тэргүүн байсан. Төсвийг шууд авч наадам найруулсан хүн нь Ерөнхий сайдын ах Баатар. Тэдний ах дүүгийн хамаарал нь аль ч талаасаа харсан ашиг сонирхлын зөрчилтэй, төсвийн болон авилгын хуулийг зөрчөөд байсан учраас наадмын контентод монголчууд нийтээрээ анхаарлаа хандуулж байсан юм. Ирэх долоо хоногт ердийн ажлын өдрүүд эхэлнэ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч, МАН ч чихээ багагүй халууцуулах бололтой.
Д.ЖАРГАЛАН