Кубын нийслэл Хавана хотын засаг захиргаа тус улсад 1990-ээд он хүртэл тэтгэмжээр үйл ажиллагаа явуулж байсан “хайрын буудал” сүлжээгээ сэргээх төлөвлөгөөтэй байна. Хотын захиргааныхны тайлбарлаж буйгаар хүн ам хэт ихээр төвлөрсөн Хаванагийн иргэд ганцаараа, эсвэл амрагтайгаа хоёулхнаа байх боломжгүй байдаг, цагийн дэн буудлын үйлчилгээ үзүүлдэг хувийн фирмүүд нь хэтэрхий өндөр үнэ хэлдэг гэнэ.
Тэгэхээр энэхүү санаачилга нь Кубын нийслэлийн иргэдэд гадаа, ил задгай бэлгийн харьцаанд ордогт цэг тавьж буй юм. “Посадас” буюу “хайрын буудал” үйлчилгээ Куба улсад 1990 он хүртэл байсан аж. Цагаар төлбөрөө төлдөг ийм өрөөнүүд нь секс хийх хүсэлтэй хосуудад зориулагджээ.
Харамсалтай нь 1990-ээд онд Кубад эдийн засгийн хямрал нүүрлэсний улмаас ийм зочид буудлууд олноороо үүдээ барьсан юм. Ингээд “посадас”-ыг хар салхинаас хамгаалах хоргодох байр болгон ашиглаж эхлэв. Буудлуудыг сэргээх болсон санаачилгынхаа тухай Хаванагийн хот байгуулалтын албаныхан юуны түрүүнд төсөвт мөнгө орж ирэх аятайхан эх үүсвэр гэжээ. Үүнээс гадна буудлууд нь орон сууцны хүрэлцээгүй байдаг хотын иргэдийг хотын чимээ шуугиан, хөл хөдөлгөөнөөс ангид байлгахад тустай.
Хаванад үнэхээр орон сууцны хүрэлцээ муу. Зарим тохиолдолд нэг байранд хэд хэдэн өрх амьдарч, салсан хосууд хүртэл явах газаргүйн улмаас хамтдаа амьдарсаар байх нь бий. Засгийн газраас тэтгэмж өгдөг “посадас” сүлжээ үгүй болсноос хойш энэ зах зээл дээр хувийн тоглогчид гарч ирсэн. Гэвч тэдний үйлчилгээ хэтэрхий өндөр үнэтэй байжээ.
Агааржуулагч, тав тухтай ор бүхий аятайхан өрөө л гэхэд дунджаар таван ам.доллар орчим үнэтэй байсан нь дундаж куба иргэний сарын цалин (тэдний дундаж цалин зургаан ам.доллар)-гийн зургааны нэг хэсэг гэсэн үг. Үүнээс болж өнөөдөр Хаванагийн цэцэрлэгт хүрээлэн, эргийн амралтын газарт олны өмнө бэлгийн харьцаанд орж буй хосууд энгийн үзэгдэл болжээ.
Э.ЗАЯА