УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Монголбанкинд 2012-2016 оныг хамруулсан шалгалт хийсэн. Ажлын хэсгийн дүгнэлтийг хүргэж байна. Шалгалтын хугацаанд АН Засгийн эрхийг барьж байсан бөгөөд Засгийн газар нь бие даан ажиллах хуулийн зохицуулалттай Төвбанкны үйл ажиллагаанд хэт оролцож, Монгол Улсын эдийн засгийг доройтуулахад ихээхэн нөлөөлсөн тухай дүгнэлтэд дурьджээ.
Монголбанкинд хийсэн УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр Монголбанкны 2016 оны эцсийн байдлаар хуримтлагдсан алдагдал нь 3.019.3 тэрбум төгрөгт хүрч, 4.0329.3 тэрбум төгрөгийн өртэй болохыг тогтоосон байна. Төвбанк нь ийм их алдагдалд орсон нь тус улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой байдал бий болгож, эдийн засгийн өсөлт зогсож доройтох, гадаад өр төлбөр нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн байна. Үндсэндээ Монгол улсын мөнгөний авдар хоосрох эх үүсвэр эндээс үүдэлтэй болох нь харагдаж байна.
/сая төгрөгөөр/
№ | Он | Алдагдлын хэмжээ
тухайн жилдээ |
Алдагдлын хэмжээ
хуримтлагдсан |
1 | 2012 | 181.4 | 302.7 |
2 | 2013 | 251.1 | 424.2 |
3 | 2014 | 535.5 | 952.8 |
4 | 2015 | 498.7 | 1,450.2 |
5 | 2016 | 1.648.0 | 3.019.3 |
Ийм их алдагдал хүлээх болсны үндсэн шалтгаан нь Төвбанкны тухай Монгол Улсын хуулийг зөрчиж, Засгийн газрын төсөл, арга хэмжээг шууд санхүүжүүлдэг арилжааны банкны үүрэг гүйцэтгэж, тухайн банкны удирдлагын эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой болохыг шалгалтын дүгнэлтэд харуулжээ.
Монголбанк өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн уламжлалт бус арга хэрэгслүүдийн хүрээнд /Үнэ тогтворжуулах, “Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт г.м./ арга хэмжээнд зориулж зээл олгохдоо зээлийн хүүг хууль зөрчиж, Бодлогын хүүгийн түвшнээс хэт бага хэмжээнд тогтоож, уламжлалт бус арга хэрэгслүүдээр зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтож банкны алдагдал өссөн байна. Үүний зэрэгцээ ямар ч тооцоо судалгаагүй, богино хугацаатай, өндөр хүүтэй авсан Чингис бондын хүүгийн зардал, Хятадын ардын банканд своп хэлцлийн дагуу төлсөн хүүгийн зардлаас их хэмжээний хүүгийн алдагдал хүлээсэн болох нь мөн шалгалтаар тогтоогджээ.
Үүнээс гадна Монгол банк 2012-2016 онд дотоодын банкуудтай давхардсан тоогоор 1.673 тэрбум юанийн, 8.9 тэрбум ам.долларын, 17.5 тэрбум төгрөгийн своп хэмээх хэлцэл хийж, ханшийн зөрүүгээс нийт 1.726 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ алдагдлын 1.683.3 тэрбум төгрөг нь зөвхөн 2014-2016 оны хугацаанд бий болжээ.
Гадаад зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурч, импортын зардал багассаар байтал шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөр гэгчийг Засгийн газар баталж, энэ хөтөлбөрийн хүрээнд 2013.01.25-наас 2015.03.18-ны хугацаанд Монголбанк нийт 1.579.95 сая ам.долларыг шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй ханшаар худалдсан байна. Энэхүү ханшийн хөнгөлөлтөөс Монголбанк 354.3 тэрбум сая төгрөгийн алдагдал хүлээжээ. Үүний зэрэгцээ Монголбанк уг хөтөлбөрт хамрагдсан компаниудад 2012 оны арваннэгдүгээр сараас 2014 оны гуравдугаар сарын хооронд нийт 226.4 тэрбум төгрөгийг дур мэдэн жилийн 0.89 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар дамжуулж олгосон байхад арилжааны банкууд Монголбанкны зээлийн хүү дээр 2.91 хувийн ашиг нэмж шатахууны компаниудад жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зээлж, арилжааны банкууд дундаас нь ашиг хүртэх боломж олгожээ. Уг зээлийн хүү нь тухайн үеийн Монголбанкны бодлогын хүүгийн дундажаас 13 дахин бага байсан бөгөөд Монголбанк энэхүү зээлийн хүү болон бодлогын хүүгийн зөрүүгээс нийт 54.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.
Харин дэд хөтөлбөрт хамрагдсан компаниуд дээрх нөхцөл байдалтай уялдуулж автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг бууруулах бүрэн боломжтой байсан ч Засгийн газраас татварын зохицуулалт хийж байгаа гэдгээр халхавч хийж жижиглэнгийн үнийг хөтөлбөр хэрэгжих хугацаанд бууруулаагүй. Монголбанк уг хөтөлбөрийн улмаас нийт 408.4 тэрбум төгрөгийн хүүгийн болон валютын ханшны алдагдал хүлээж байхад хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ашиг нэмэгдсэн нь ТЕГ-ын тайлангаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээлийг олгох үед дээрх компаниудын ашиг 1.6 хувь байсан бол зээлийг олгосны дараа 2013 онд 4.8 хувь, 2014 онд 6.9 хувь, 2015 онд 7.8 хувь болж тус тус нэмэгдсэн нь үүнийг гэрчилж байгаа аж.
Шалгалтын явцад Монголбанкны зарим үйл ажиллагаа нь хуульд заасан зүйл заалтанд хамаарахгүй, уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүд ашигласан нь төгрөгийн худалдан авах чадвар, цаашилбал санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөн байна. Тухайлбал, Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 4.8 их наяд төгрөгийн санхүүжилт банкуудад олгожээ. Энэ нь мөнгөний зах зээл дэх тэнцвэрт байдалд нөлөөлж гадаад валютын эсрэг төгрөгийн худалдан авах чадварыг хурдацтайгаар сулруулсан төдийгүй Төвбанкны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Монголбанкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэсэн заалтыг зөрчжээ.
Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь жижиглэнгийн болон барилгын материал зэрэг барааны үнийг бууруулахад нөлөө үзүүлсэн бол бас ч үр дүн гарах байсан гэж үзэх үндэстэй. Хүнс, өргөн хэрэглээний барааны үнэд бензин, шатахууны үнэ шууд нөлөө үзүүлдэг бөгөөд Монгол банкны алдагдал хүлээн байж олгосон хөнгөлөлттэй зээл ямар ч үр дүн өгөөгүй байна.
Монголбанкнаас хэрэгжүүлсэн уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүдийн улмаас болон гадаад валютын орох урсгал 2013 оноос эхлэн тасралтгүй буурч, гадаад валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсныг 2016 онд 1.3 тэрбум ам.доллар хүртэл багасч, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1.392.0 төгрөг байсан бол 2.489.5 төгрөг болж өсөхөд нөлөөлжээ.
Гадаад валютын ийнхүү нөөц буурахад дараах хүчин зүйлүүд нөлөөлжээ. Үүнд:
- 2016 онд 6.2 их наяд төгрөгийн гадаад валют орж ирсэн нь 2012 онтой харьцуулахад 40 хувиар буурсан,
- 2012 онтой харьцуулахад 2016 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 75 хувь буюу 2.7 их наяд төгрөгөөр буурч, энэ хугацаанд зээлийн үйлчилгээний төлбөр 596 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн,
- Монголбанкны өр төлбөр нэмэгдэхэд БНХАУ-ын Ардын банкнаа своп хэлцлээр 15.0 тэрбум юань авч, Засгийн газар Чингис бонд, Хөгжлийн банкны евро бонд, Самурай бонд авч, төсвийн гадуур хяналтгүй зарцуулах болсон нь гадаад өр төлбөрийг их хэмжээгээр нэмэгдүүлж, Монгол Улсын гадаад өрийн дарамтын гол эх үүсвэр болсон,
- Ийм хүндрэлтэй нөхцөлд үнэ тогтворжуулах болон банкуудтай своп, форвард гэх ард түмэнд үл ойлгогдох нэрээр хэлцэл хийж, зээлийн хөрөнгийг танил талаараа тараах, зах зээлийн ханшаас 300,00 хүртэл төгрөгөөр бага ханшаар зээл олгох гэх мэт үйлдэл хийсэн нь энд ашиг сонирхлын зөрчил шийдвэрлэх үүрэгтэй байсан гэж үзэх үндэстэй байна.
- Ханшны өсөлтийн нөлөөгөөр иргэд, аж ахуйн нэгжүүд гадаад валютын хадгаламжид эх үүсвэрээ хөрвүүлж хадгалуулах болсон нь ханшийн зөрүүгээс болж валютын эрэлт хэрэгцээ нэмэгдэхэд хүргэж, долларын зээлтэй аж ахуйн нэгжүүд хохирол хүлээж, тэдгээрийн зээл нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй ангилалд орох нөцөл болжээ.
Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн дийлэнх нь импортыг дэмжсэн, улмаар гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлсэн хөтөлбөрүүд байв. Төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй нөхцөл байдал бий болж, гадаад валютын албан нөөц багассан үед гадаад валютын форвард хэлцэл байгуулж, 2012-2016 онд 7.0 тэрбум ам.валютын интервенц хийж байсан боловч, ийм интервенц нь үр дүнгээ өгөөгүй бөгөөд валютын ханш үргэлжлэн суларч валютын нөөцийг шавхах эрсдэлд хүргэсэн байна.
Монголбанкны хууль бус үйл ажиллагаа, Засгийн газрын оролцооны улмаас дараах сөрөг дагаврууд бий болжээ.
-Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчиж хуульд заагаагүй үйл ажиллагаа явуулж, уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүд ашиглаж зах зээлд их хэмжээний буюу 4.8 их наяд төгрөгийн нийлүүлэлт хийсний улмаас үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг /2012-2016 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1104.5 төгрөг буюу 80.8 хувиар суларсан/ огцом сулруулсан,
– Их хэмжээний /2012-2016 онд 7.007.2 сая ам.долларын/ валютын интервенц хийснээр улсын гадаад валютын улсын нөөцийг барагдуулж, зах зээл дэх илүүдэл мөнгийг татах зорилгоор Төв банкны үнэт цаас гаргаснаар Монголбанканд их хэмжээний хүүгийн алдагдал /2012-2016 онд 524.8 тэрбум төгрөгийн/ учруулсны зэрэгцээ мөнгөний суурь үнэ болох Монголбанкны бодлогын хүүнээс хэт бага зээлийн хүүтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж Монголбанкийг 3.019.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалд оруулсан,
– Монголбанк хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд санхүүгийн үүсмэл хэрэгслийн ашиг, алдагдлыг бүрэн хянах боломжтой байтал дотоодын банкуудтай своп, форвард хэлцэл байгуулсны улмаас Монголбанканд их хэмжээний алдагдал /2012-2016 онд 1.726.0 тэрбум төгрөг/ учруулсан байна.
Своп гүйлгээний тухай
Хятадын Ардын банкба Монголбанк нь энэхүү хэлэлцээрт заасан нөхцөл, болзлын дагуу юаныг төгрөгийн эсрэг, төгрөгийг юаны эсрэг худалдан авах үйл ажиллагааг зохицуулдаг зээл юм. Хэлэлцээрийн дагуу солилцох валют нь хэдийд ч нийт үнийн дүнгээрээ 15 тэрбум юаниас хэтрэхгүй (дээд хэмжээ) бөгөөд мөнгөн дүнг шилжүүлэх эсхүл сунгахад валют хөрвүүлэх ханш нь шилжүүлэг хийх буюу болон шилжүүлгийг сунгаж буй Хяадын гадаад валютын арилжааны системд зарласан юань/ам долларын ханшаар, Монголбанкнаас зарласан төгрөг/ам долларын валютын ханшны үндсэн харьцаанд үндэслэн тооцдог.
Своп гүйлгээний дагуу боломжит мөнгөн дүнг худалдах замаар шилжүүлэн авч, эргүүлэн худалдан авах замаар эргүүлэн төлсөн бол боломжит мөнгөн дүнг дахин ашиглах боломжтой гэж гэрээ байгуулсан байна. Улаанбаатар хотноо хоёр улсын Төвбанкны ерөнхийлөгч нар 2011 оны тавдугаар сарын 6-нд нийт 5 тэрбум юань буюу 1.0 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээнд анх гарын үсэг зурсан байна.
Гэрээ нь 3 жилийн хугацаатай, 2014 онд энэхүү гэрээг сунгажээ. Гэрээний хугацаа 2017 оны наймдугаар сард дуусахтай холбогдуулан Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын төв банканд айчлал хийж, гэрээг дахин 3 жилийн хугацаатай буюу 2020 он хүртэл сунгахаар тохиролцсон аж. Своп хэлцлийн мөнгөн дүнг 2012 оны гуравдугаар сарын 20-нд своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юань /2 их наяд төгрөг/, 2014 оны наймдугаар сарын 21-нд 15 тэрбум юань /4.5 их наяд төгрөг/ болгож нэмэгдүүлжээ.
Своп хэлцлийн зориулалт:
Своп хэлцлээр худалдан авсан валютын эх үүсвэрийг дараах зориулалтаар ашиглана гэж гэрээнд заасан байна. Үүнд:
а\ Хоёр талт худалдааг санхүүжүүлэх,
б\ Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор богино хугацаанытөлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах,
в\ Хоёр тал тохиролцсон бусад зориулалтаар.
Дээрх зээлийн гэрээ хэрэгжиж эхлэснээс хойш 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монголбанк өссөн дүнгээр нийт 43.0 тэрбум юаний зээл авч, 31.0 тэрбум юань төлөгдөж, 12,0 тэрбум юаний зээлийн үлдэгдэлтэй байна.
№ | Авсан он | авсан зээл CNY | төлөгдсөн CNY | Үлдэгдэл CNY |
1 | 2011 | 2, 5 тэрбум | 2, 5 тэрбум | |
2 | 2012 | 2, 1 тэрбум | 2, 5 тэрбум | 2, 1 тэрбум |
3 | 2013 | 4, 9 тэрбум | 1,0 тэрбум | 6,0 тэрбум |
4 | 2014 | 3,0 тэрбум | 9,0 тэрбум | |
5 | 2015 | 26, 5 тэрбум | 24,0 тэрбум | 11, 5 тэрбум |
6 | 2016 | 4,0 тэрбум | 3, 5 тэрбум | 11,0 тэрбум |
Дүн | 43,0 тэрбум | 31,0 тэрбум | 12,0 тэрбум |
Хятадын Ардын банканд дээрх хугацаанд нийтдээ 495.5 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлсөн бөгөөд одоогийн байдлаар тус банкнаас 15.0 тэрбум /гэрээний дагуу дээд хэмжээ/ юаны зээл авах лимиттэй, үүнээс 12.0 тэрбум юаны зээлийн эрхээ ашиглажээ. Монголбанк нь “Төв банкны тухай хууль”-ийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтын дагуу нийгмийн хөгжлийн санд 2012-2016 онд нийтдээ 10.0 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Гэвч энэ сангийн хөрөнгөөр танил тал харж орон сууц олгох, бусад тэтгэлэг үзүүлдэг болох нь харагдаж байна. Монгол Улсын төрийн албаны ажилтнуудын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмж чадахгүй байхад Монголбанк өнгөрсөн дөрвөн жилд ажиллагсдынхаа цалинг 62.5 хувь нэмсэн байна.
Төвбанк нийгмийн хөгжлийн сангаас 2012-2016 онд ажилтнуудад үзүүлсэн орон сууцны зээлийн дэмжлэгт 4.1 тэрбум төгрөг, тусламж, тэтгэмжид 3.4 тэрбум төгрөг, шагналд 0.5 тэрбум төгрөг, баяр ёслолын арга хэмжээнд 0.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Монголбанкны ажиллагсдын орон сууцны зээлийн дэмжлэгт зориулан зөвхөн төв аппаратын 13 ажилтанд 2012 онд 510.0 сая төгрөг, 2013 онд 32 ажилтанд 1746.5 сая төгрөг, 2014 онд 29 ажилтанд 1575.5 сая төгрөг, 2015 онд 3 ажилтанд 138.0 сая төгрөг, 2016 онд12 ажилтанд 825.0 сая төгрөг зарцуулжээ.
Монгол Улсын банкны системийн чанаргүй зээл 2015 онд 2012 оноос бараг 5.7 дахин нэмэгдэж, улсын макро эдийн засаг болон банкны системийн байдалд муугаар нөлөөлж байгаа нь Монголбанкны үйл ажиллагаатай холбож авч үзэхэээс өөр аргагүй болно.
Эх сурвалж: УЛС ТӨРИЙН ТОЙМ
Банкны системийн баланст тусгагдсан чанаргүй зээлийн үзүүлэлтүүд
Үзүүлэлтүүд | 2012 | 2013 | 2014 | 2015 |
12 | 12 | 12 | 12 | |
Зээлийн үзүүлэлт /тэрбум төгрөг/ | ||||
Зээлийн өрийн үлдэгдэл /нийт/ | 6,826.4 | 10,418.4 | 12,294.9 | 11,501.9 |
Хэвийн зээл | 6,568.8 | 10.041.5 | 11,369.5 | 10,018.0 |
Хугацаа хэтэрсэн зээл | 109.6 | 115.6 | 415.0 | 646.3 |
Чанаргүй зээл | 148.0 | 261.4 | 510.4 | 837.6 |
Монголбанкны алдагдлыг Засгийн газар хариуцан нөхөж байх зохицуулалттай боловч хуулийн энэ заалтаар Монголбанкны алдагдлыг Улсын төсвөөс хаах шаардлага өмнө гарч байгаагүй байна. Учир нь Монголбанк 2011 онд 179,6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 онд 181,7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласнаар ужгирсан их хэмжээний алдагдлын суурь тавигдаж, 2014 онд 535,6 тэрбум төгрөг, 2016 онд 1,648.0 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу алдагдлыг хэмжээ их хэмжээгээр улам нэмэгдсэнээр 2012-2016 онд хуримтлагдсан алдагдал 3,019.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн ачааллаас үүдэж уг алдагдлыг Улсын төсвөөс хаах боломжгүй учраас Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг хаахын тулд Монголбанк 966.7 тэрбум төгрөгийн авлагаа барагдуулах, дотоодын арилжааны банкуудтай урьдчилсан гүйцэтгэлээр 1,460.7 тэрбум төгрөгийн хүлээгдэж буй алдагдалтай байгаа своп, форвард хэлцлүүдийн алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулах, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 369,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авсан зөрчилтэй 45 аж ахуйн нэгжээр зээлийг хэрэглэсэн нийт хугацаанд арилжааны банкны зээлийн хүүгээр тооцож хүүгийн зөрүүг нөхөн төлүүлэх, Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсний улмаас Монголбанканд зээлийн хүүгийн бодит бус алдагдал 54,2 тэрбум төгрөг, валют арилжааны ханшаас бодитоор 354,3 тэрбум төгрөгийн алдагдал, нийт 408,4 тэрбум төгрөгийн хохирлыг учруулсан тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Золжаргалаар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шалгалт хийсэн ажлын хэсэг үзэж байна.