[starbox]
Вашингтонд АНУ-ын Тусгаар тогтнолын өдрийн өмнөхөн Засгийн газраас зөвхөн америк материалаар хийсэн төрийн далбаа худалдан авахыг үүрэг болгох санал гаргажээ. Одоогийн хуулиар бол далбааны даавууг гадаадын орнууд, тэр дундаа Хятадаас худалдан авч болно гэж заажээ. Харин Иллинойс мужаас парламентад суугаа конгрессийн гишүүн Чери Бустос дээрх санаачилгыг гаргаж, парламентад оруулж ирсэн байна. Америкийн дайчид АНУ-ын татвар төлөгчдийн мөнгө Хятадын үйлдвэрлэгчдэд очиж байгаад дургүйцсэн тул ийм төсөл боловсруулсан гэжээ.
АНУ-ын конгресс холбооны Засгийн газраа 100 хувь америк материалаар хийгдсэн төрийн далбаа худалдан авахыг үүрэг болгох хүсэлтэй байна. Энэхүү хуулийн төслийг Иллинойс мужийн төлөөлөгчийн танхимын гишүүн Чери Бустос парламентад оруулж иржээ. Тэрбээр “Жинхэнэ америк далбааны тухай” хууль батлагдсан тохиолдолд холбооны төрийн байгууллагууд Америк үйлдвэрийн материалаар АНУ-д хийсэн далбаа худалдан авах үүрэг хүлээнэ” гэж тэмдэглэжээ.
Энэхүү саналыг АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр хэмээх үндэсний баярын өмнөхөн конгресст оруулж ирсэн байна. Төсөлд тэмдэглэснээр Америкийн ахмад дайчид төсвийн мөнгийг хилийн чанадад хийсэн төрийн эд зүйлсэд зарцуулж буйд дургүйцэж байгаа гэнэ.
Тал нь америк далбаа
Одоогийн хуулиар бол холбооны Засгийн газар материалынхаа ядаж 50 хувь нь америк үйлдвэрлэлийн далбаа худалдан авах шаардлагатай байдаг аж. АНУ-ын Худалдааны яам, Хүн амын бүртгэл тооцооллын товчооны мэдээллээс үзэхэд 2015 онд АНУ төрийн далбааны импортод 4.4 сая ам.доллар зарцуулсан бөгөөд үүний дөрвөн саяыг нь зөвхөн Хятадаас оруулж иржээ. “Flags Unlimited”-ийн мэдээлснээр төрийн далбаа хэмжээ, хөвөн дааву, нейлон зэрэг материалаасаа шалтгаалаад 40-500 ам.долларын үнэтэй байдаг.
Америкийн далбаа үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн мэдээлж буйгаар АНУ-даа Annin & Co., Flag Zone, J.C. Schultz Enterprises, Inc./The Flag Source, Valley Forge Flag зэрэг байгууллагууд төрийн далбаа нийлүүлдэг байна.
Хэвлэл мэдээллүүдээс үзэхэд Америкт үйлдвэрлэсэн далбаа үнийн хувьд Хятадынхнаас харьцангуй өндөр үнэтэй. Харин Хятадад үйлдвэрлэсэн далбаа Америкийн үйлдвэрлэгчдийнхээс дөрөв дахин хямд байдаг.
Цагаан ордны далбааны ишин дээр “Хятадад үйлдвэрлэв” гэж бичжээ
АНУ-ын засаг захиргаа Хятадад үйлдвэрлэсэн далбаа худалдан авч байгаад Америкийн төдийгүй Канадын хэвлэлүүд ч анхаарчээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Цагаан ордонд албан ёсны айлчлал хийх үеэрээ АНУ-ын төрийн далбааны ишин дээр “Хятадад үйлдвэрлэв” гэсэн тэмдэглэгээ харагдсан гэнэ.
Америкийн далбаа үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн сайтад мэдээлж буйгаар америк үйлдвэрлэгчид хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцэхийн тулд далбааны иш зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдийг гадны орнуудаас худалдан авдаг гэнэ. Учир нь орон нутгийн зах зээл дээр үнэ нь өндөр, зарим нь огт байдаггүй гэжээ. Нийгэмлэгийн сайтад тэмдэглэснээр АНУ-ын далбааны хамгийн том импортлогч бол Хятад юм.