Баяр, наадмын амралтын өдрүүд болох гэж байгаатай холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар хамтран хэвлэлийн хурал хийсэн.
Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн “Ирэх сард баруун болон төвийн аймгуудын нутаг, тэр дундаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар буюу иргэдийн амралт, зугаалгаар их зорчдог нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, дуу цахилгаантай, ус ихтэй, ширүүн аадар бороо орох төлөвтэй байна. Мөн энэ сарын эхний 10 хоногийн мэдээгээр Ерөө, Онон, Орхон, Онги гол үерийн түвшинг 5-15см давж, эргээ хальсан, Урд Тамир, Хойд Тамир, Хөгшин Орхон, Байдраг, Шаргалжуут, Таац, Онги, Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, Халх гол, Хэрлэг гол үерийн түвшинг 10-80 см даван, үерлэж байна. Тиймээс:
- Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч, зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан
- сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.