АН-ын ХЭГ-ын даргаар Буянаагийн Ган-Очир, Сургалт, судалгааны газрын даргаар А.Батпүрэв нар томилогдлоо.
АН-ын ХЭГ-ын даргаар томилогдсон Б.Ган-Очир нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2008 онд төгсөж сургуульдаа ЭЭЗ-ийн тэнхимд багшилж ажлын гараагаа эхлэсэн Хууль зүйн ухааны докторант.
Тэрээр Амьд хууль, Амьд эдийн засаг, Хятадтай хэрхэн өрсөлдөх вэ? номууд болон “МУ-ын Иргэний сонгуулийн эрхийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт” нэг сэдэвт монографи бичиж хэвлүүлсэн. Мөн Үндсэн хуулийн эрх зүй, эрх зүйн философи, эрүүгийн эрх зүй, улс төр судлал, төрийн эдийн засаг, системийн онол, Ардчилалын талаар 50 орчим нийтлэл, 10 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлжээ.
Мөн Тэргүүн шадар сайдын зөвлөх, АН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын Улс төрийн бодлогын зөвлөх, Монголын Эдийн засгийн Форумын ЕНБД-ын албыг хашиж байсан юм.
Ардчилсан намын Сургалт, судалгааны газрын даргаар томилогдсон А.Батпүрэв нь СЭЗДС-ийг Бизнесийн удирдлагын бакалавр, Австрали улсын Сиднейн их сургуулийг Санхүүгийн эдийн засгийн магистр зэрэгтэй суралцаж төгссөн. БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, бизнесийн их сургуулийн докторант.
Инфорум консалтинг ХХК, Юнител групп, Скайтел групп зэрэг бизнесийн байгууллага болон Гадаад харилцааны яам, Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байсан талаар АН албан ёсны пэйж хуудсаараа мэдээллээ.