Эрүүл мэндийн сайд С.Энхболдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу эмнэлгүүд эмч эмнэлгийн ажилчдынхаа цалинг нэмж эхэллээ. ГССҮТ-ын захирал Галбадрах болон 3-р эмнэлгийн дарга Төмөр-Очир нар эмнэлгийнхээ ажилчдын цалинг нэмж байгаа талаар мэдээллээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир “Манай эмнэлгийн тухайд улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудын цалинг долоодугаар сарын 1-нээс гурав дахин нэмэгдүүлэн олгож буй. Мөн 4,5-р сард улаан бүсэд ажилласан ажилтнуудын илүү цагийн дутууг нөхөж цалинг 3 дахин болгон нөхөж олгоно. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу ковидын тусламж, үйлчилгээний өртгийн жин нэмэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор улаан бүсэд ажиллаж буй ажилтнуудын цалинг 50 хувь нэмэхээр болсон. Илүү цагийн мөнгө нь гурав дахин нэмэгдэнэ. Улирал тутам олгодог урамшууллыг дээд хэмжээгээр нь олгохоор ажиллаж байна.
Эмч, ажилтнуудын цалинг 10-20 хувь нэмэгдүүлэх тооцоо гарган ажиллаж байна. Үүнд санхүүжилт гаргахаар хичээж байна. эмнэлэг 60-70 хувийн гүйцэтгэлтэйгээр ажиллаж байна.
Өнгөрсөн цаг хугацааг харахад ачаалал харьцангуй бага байсан нь хагас жилийн дүнгээр гарсан.Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэх нь зүй ёсны асуудал. Иргэдийн эрүүл мэндийг хариуцдаг өндөр хариуцлага, ачаалалтай салбар юм.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын салбарынхны цалин дунджаас бага байна. Удахгүй мутацилагдсан вирус тархах магадлал байна. Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг шат дараатай ажиллаж, бодлогын түвшинд ажиллах шаардлагатай байна” гэв.
Энэ үеэр Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Э.Галбадрах: 2021 оны эхний хагас жилд ГССҮТ-ийн санхүүгийн гүйцэтгэл ямар нэгэн өргүй гарсан.
Үлдсэн зургаан сарын санхүүгийн гүйцэтгэлд цалингийнхаа төсвийг тусад нь тооцоолж, ажилтан тус бүрийнхээ үндсэн цалинг 20 хувиар нэмэх бүрэн боломжтой гэсэн тооцоо судалгааг гарган, ажил хэрэг болгоод байна. Үйлчлүүлэгч олон байх хэрээр гүйцэтгэл санхүүжилт авдаг.
Цар тахлын үед он гарсаар эхний дөрвөн сард бид 2.8 тэрбум төгрөгийн тасралттай байсан. Түүнийгээ өнгөрсөн тав болон зургаадугаар сард нөхсөн. Ямартай ч цаашид алдагдал гаргахгүйгээр балансаа барьж явахад ажилчдынхаа цалинг 20 хувийн нэмэгдэлтэй бүрэн өгөөд байх боломжтой гэлээ.
““
Л.Баяр