Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр эмч эмнэлгийн ажилчдын цалинг 20 хувиар нэмэхийг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болгоод байна. Эмнэлгийн удирдлагууд ч ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмж байгаагаа мэдэгдээд эхэллээ.
Ийнхүү эрүүл мэндийн байгууллагын ажилчдын цалин нэмэгдэж байгаатай зэрэгцэн АН-ынхан чуулганы хуралдаан дээр эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх шаардлагыг тавьж эхлээд байна.
АН-ын бүлэг “Эмч нар суулт зарлаад найм хонолоо. Төсвийн тодотголоор эмч, эмнэлгийн ажилтны цалинг хоёр дахин нэмэхийг УИХ-аас шаардаж байна. Тиймээс төсвийн тодотголоо буцааж татаад эмч нарын цалинг нэмж буцааж оруулж ирж хэлэлцүүлэхийг Ардчилсан намын бүлгээс шаардаж байна.Төсвийн тодотголоор эмч, эмнэлгийн ажилтны цалинг хоёр дахин нэмэхийг УИХ-аас шаардаж байна” хэмээв.
Эрүүл мэндийн салбарт 2019 оны байдлаар нийт 54687 ажиллагчид ажиллаж байгаа тухай статистик тоо баримт байна.
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаагийн өгч байгаа мэдээллээр бол их эмчийн дундаж цалин 750-850 мянга, сувилагчийнх 670-720 мянга, эрүүл мэндийн ажилтных 470-500 мянган төгрөг байдаг гэжээ.
2019 оны эрүүл мэндийн байгууллагын ажилчдын тоогоор тооцоолж үзвэл:
- Тэдний цалинг хоёр дахин нэмж 1.500.000-д хүргэлээ гэхэд улсын төсвөөс 82 тэрбум төгрөг шаардагдана гэсэн үг. Тэгвэл өнөөдрийн улсын төсөвт энэ ачааллыг даах чадамж бий юу үгүй юу.
2021 оны байдлаар Эрүүл мэндийн салбарын ажилчдын тоо хэд хүртэл нэмэгдсэн бэ? Энэ бүх тооцооллыг хийж байж, эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөслийг нэмэх асуудал яригдах биз ээ.
Төрийн эрх барьж буй нам хүчин болон сөрөг хүчнүүд нь УИХ дээр аливаа асуудлыг шийдэхдээ тооцоо судалгаантай, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэж, мэтгэлцэх нь нийгэмдээ чухал ач холбогдолтой.
Тооцоо судалгаагүйгээр аливаа сэдвийг шүүрч авч улстөр хийх нь цаашлаад улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд халтай бөгөөд нийгмийн сэтгэл зүйг үймлэж, иргэдийг талцуулахаас цаашгүй юм.
Б.Ирээдүй