Эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан иргэний ар гэрээс уучлалт гуйж, ес зүйн хариуцлага хүлээх ёстой гэх асуудлаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид шаардлага хүргүүлсэн байна.
Уг шаардлагад “2021 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 11:29 минутад Баянзүрх дүүрэгт байрлах НЭМГ-ын харъяа “Энэрэл” эмнэлгийн гадаа иргэн Р нь тусламж авч чадалгүй амь насаа алдсан.
Тус иргэн тусламж авч чадалгүй нас барсны дараа Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Тухайн иргэнийг зоорийн давхарт амьдардаг, алтны дархан бөгөөд сүүлийн 10 хоног архи согтууруулах ундаа уусан гэсэн өгүүламж өгчээ” гэж нийтэд мэдээлсэн.
Уг мэдэгдлээр Б.Бямбадорж дарга та “эмч, эмнэлгийн байгууллага нь өвчтөн, эмчлүүлэгчийн хувийн мэдээлэл, нууцыг чандлах хадгалах” гэсэн үүргийг биелүүлээгүй. Үндсэн хууль болон бусад хууль заасан ялгаварлан гадуурхахгүй байх гэснийг ноцтой зөрчсөн. Өвчтөн хэн ч бай нэр хүндэд нь халдсан, гутаасан мэдээлэл тарааж хариуцлагагүй үйлдэл гаргалаа гэж үзэж байна.
Улмаар олон нийтэд архичин, зоорийн давхарт амьдрадаг хүн үхсэн нь бараг өөрөөсөө болсон гэх сэтгэгдэл төрүүлэх, цаашлаад хүний амь эрсдэхэд тухайн хүн нь ядуу, архичин, зоорийн давхарт амьдардаг бол өөрийнх нь буруу ч байна гэх сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж нийгэмд буруу үлгэрлэл, явгаварлал үзүүлж байна гэж үзэж байна.
Тиймээс тухайн иргэний нэр хүндийг сэргээлэхээр шаардлага хүргүүлж байна” гэжээ.
Б.Ирээдүй