Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан, бямба гарагт Дорноговь аймагт ажилласан билээ. Тэрбээр энэ үеэрээ Замын-Үүд боомтод ажиллаж зарим үүрэг, чиглэлийг өгсөн. Үүний хүрээнд Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өчигдөр хийж Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна.
Түүний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллахаар өнөөдөр /2021.07.06/ өглөө Улаанбаатар хотоос хөдөлжээ. Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газар, АТГ, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль, хүчний байгууллагууд оролцож байгаа аж. Livetv.mn сайт Замын-Үүд боомтод авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчилна гэж мэдээлээд байна. Мэдээлэлдээ “баривчлагдах хүмүүсийн дотор тус боомтын гааль, хилийн мэргэжлийн хяналтын ажилтнууд багтаж байгаа” тухай дурьдсан байна.